Тэнгэрийн оддыг бараг мартах нь… Өсөхөөс өдийг хүртэл мэлмий хучсан оддын чөлөөнд  буйдхан сумын ажин түжин амьдралын тухай зурвас бодлуудаар хөглөгдөж өссөн ахул… Өнөөдөр, одгүй шөнийн тэнгэр дор түм живаа хүмүүс жаргал зовлон урлаад амсхийх сөхөөгүй амьдрахыг ажихуй, тэдний зүрх сэтгэлийнхээ ёроолд гээж орхисон өнчин мөрөөдлүүд, итгэл сэтгэл нь цөхрөл нөмрөн хэрхэн амь тавихыг мэдрэх шиг уй гуниг ертөнцөд үгүй аж.

Эрт балар, дивангар яаж ингэж урласан юм бэ хэмээн дуу алдмаар, өвгөн уулс уухилж, тэнгэр дэрлэн газарт тэрийн нүүгэлтэх бул чулуудын дунд, жамын хаалга тулан саатах шиг ер бусын санагдах нь Чэжү арлын нууцхан увдис.

Наргил модны ихэмсэг навчис, ердөө энүүхэнд санагдах улбар нар, эрэг дагуух гаслант хайрга, нүдээрээ инээх мэт булцуут цэцэгс, нүцгэн биеэ таалуулмаар хилэн ногоон зүлэг, хэдийнээ бодолтой минь шивнэлдэн сээтгэнэж хүзүү чихээр илбэх энэ салхи лавтайяа эр салхи биз ээ…

Тэртээх зууны өвгөдийн сүнс сэрж, Хубилайн баатар эрсийн уухайг дамжуулах мэт хүчит далайн давлагаа тал нутгийн охинд ааг омог, сүр хүчээ барьж ядан мэндчилэхэд, ганц цахлай манан зүсэн ганганахуй зуун жилийн өмнөх Чэжү арлын балар төрх он цагийн гялбаагаар нүдний өмнүүр жирэлзэв.

Юутай ч Дорнодын босоо улаан салхи, Монголын амар амгалангийн гэрч өнө мөнхийн одод, элэнц хуланц өвгөд дээдсийн онгод сахиуснууд, аагим зуны нарлаг өдрүүдийг нэхэн санах ариун агаад догшин арлын адис жанлав энд оршвой.

ТЭР

Би чинь эмээ өвөөгийн амины хүүхэд шүү дээ. Өвөөгийндөө, сургуульд орох хүртлээ мал дээр байсан. Нагац ах нар намайг малд нүдтэй гэдэг сэн түүнд нь урамшаад багаасаа л малд ойр өсжээ.

Миний ажил, амьдрал тэр чигээрээ морьтой салшгүй холбоотой. Бид хоёрыг салгаж ойлгох боломжгүй… Би морьт харвааны тамирчин. Хэдийгээр энэ спортод хожуу орсон ч гэлээ 2014 оноос тууштай хичээллэж уг спортынхоо 4-н удаагийн аварга, мөн Дэлхийн аваргын Гран При цомын эзэн болсон. Маш богино хугацаа боловч хүн өөрийн дурласан зүйлдээ тэмүүлж, түүндээ уусаж, өөрийгөө бэлтгэж, сойгоод сурчихвал амжилт гэдэг холын мөрөөдөл биш юм билээ…

Энэ залууг Эрдэнэсувдын Эрдэнэ гэдэг. Тэрээр 32 настай. Арван хоёр настайгаасаа “Морин цирк”-д хөл тавьсан, хорин жил энэ урлагтаа үнэнч зүтгэж яваа хэзээний архаг уран бүтээлчдийн нэг гэхэд хилсдэхгүй биз ээ…

Би Баянхонгор аймгийн Богд сумаас гаралтай, Налайхад төрсөн. Дөрөвдүгээр ангид байхад манайх хот руу шилжиж, сургуульдаа дасаж амжаагүй намайг том ах одоогийн  “Хан Монгол Морьтон Холбоо”-ны Тэргүүн, үүсгэн байгуулагч, захирал Ш.Цогтхүү багштай минь  уулзуулсан тэр өдрөөс хойш миний циркийн амьдрал эхэлсэн. Морин циркийн урлагт өнөөдрийг хүртэл багшийнхаа удирдлага дор Солонгос улсын Чэжүгийн циркийг найз Г. Идэрбаатарын хамтаар баг хамт олноо ахлан, удирдаж  уран бүтээлээ туурвиж явна.

Би аав ээжээсээ хоёулаа. Аав маань эрт бурхан болсон. Дүү Солонгост, ээж эмээ хоёр маань Монголд. Миний эмээ Завхан аймгийн Завхан мандал сумын уугуул. Ная гарсан, саруулхан сайхан буурай бий.  Намайг хүмүүжүүлсэн ачтан. Эмээтэйгээ өссөн хүүхэд зөв, зөөлөн байдаг гэдэгт би итгэдэг. Миний ханийг  Д.Элбэгзаяа гэдэг. Бага ангийн багш мэргэжилтэй. Манайх хоёр охинтой. Монголын олон мянган эгэл жирийн залуу гэр бүлүүдийн нэгэн адил аж төрөн амьдарцгааж байна. Улсынхаа хариуцлагатай иргэн, гэрийнхээ хариуцлагатай халамжтай хань, сайн аав байхыг хичээдэг.

АЛТАН ТУУРТ   

Уран бүтээлч хүний хувьд Морин цирк гэдэг урлаг, энэ том айл өрхийн тухай өөрийн бодлоо хуваалцъя. Үүсгэн байгуулж, бүтээлцсэн гэвэл өрөөсгөл болох ч олон сайхан ахмад үеийн уран бүтээлчид, мундаг багш нарынхаа залгамж халаа, шинэ үеийн төлөөлөл болоод явж байгаадаа сэтгэл дүүрэн байдаг.

21-р зууны залуу жүжигчний хувьд энэ урлагийг арай өөр өнцгөөр үзүүлж таниулж, ахисан төвшинд хүргэж, харуулахыг зорьдог. Морин цирк бол  Монголчуудын ахуйн соёлтой нягт холбоотой. Морио дээдэлдэг манай ард түмний хувьд хамгийн бахдалтай мэргэжил.

Зөвхөн морьтой харьцаж, түүнтэй ажиллаж, сургахаас гадна юу үзүүлэх вэ, ямар зохиолтой байх вэ гээд энэ урлаг маань өөрөө, урлаг спортын нийлбэр, хосолмол, сонин өвөрмөц төрөл жанр.  Тухайн уран бүтээлчээс биеийн бэлтгэл маш их шаардана. Хөдөлгөөний эв эвсэл, сэтгэлзүйн дархлаа, тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат гэх мэтээр ямар ч  хүнийг Морин циркийн урлаг нэлээн сайн хүмүүжүүлдэг. Циркийн бусад төрөл жанруудыг бодоход амьтантай номерууд ,тухайн амьтантай харьцаж мэдэрч ажилладгаараа их онцгой. Түүнийг ойлгож, мэдрэх, тэр өдрийн ааш занг нь хүртэл анзаарч анхаарч харьцах хэрэг гардаг. Үзэгчийн нүдэнд ташууртай нөхөр морийг тайзны аясаар тойруулан шавхуурдаад байгаа харагдах боловч уран бүтээлчийн хувьд морио мэдрэх, цогио яваанд тааруулж трюк хийх, эвийг нь тааруулахаас эхлээд циркийн бусад төрлүүдээс илүү их мэдрэмж шаарддаг.

Бид юугаараа онцлог вэ гэвэл өргөн уудам газар нутаг, уламжлалт мал аж ахуйн соёлоороо дэлхийд гайхагддаг ховордсон үндэстэн. Нүүдэлчин ахуй гэдэг тэр чигээрээ зөвхөн бидэнд л уламжлагдан хадгалагдсан, бид үүгээрээ ч  ялгагдсаар байна.

Циркийн морь тодорхой хэмжээгээр хүнтэй олон цагийг өнгөрөөдөг болохоор ахуйн эдэлгээний морийг  бодвол илүү дөлгөөн номхон байдаг. Ер нь уран бүтээлч, морь хоёр нэг бие болж байж үзүүлбэр амжилттай хийгддэг. Хамтран тоглогч морио хайрлаж, хооллож, түүний аюулгүй байдалд анхаарч, гэмтээхгүй байх, хайр халамж үзүүлж, сэтгэл гаргах маш чухал. Монголчууд мориор хийморь лундааг бэлгэдэж,  төрийн сүлдэндээ дээдлэн оруулсан байдаг. Миний хувьд морь гэдэг амьтан бэлгэдэл төдийхөн бус амьдралын маань салшгүй хэсэг, миний хамгийн үнэнч хамтрагч. Манай Морин циркийнхэн алтан туурт хэмээн хүндэтгэдэг. Хийморийн дарцаг дээрх морины зураг зүгээр ч нэг санамсаргүй тохиол бус, Монгол хүн морио дээдэлдэг, зөв унаж эдэлдэг ёс заншил, соёлын улбаагаа хүндэтгэн хийморь юугаа бэлгэдэн, сэтгэл оюунаа өрддөг болов уу.

Дэлхийн өнцөг булан бүрд мал аж ахуй тэр дундаа морины салбар зарим төрлөөрөө манай улсаас илүү хөгжсөн байдаг. Хамгийн гол нь нийгэм хөгжөөд тэр хэрээрээ морьтой харьцах, уналга эдэлгээ, соёл, сургах, ажиллах арга барил бүгд өөр өөр болж байна. Бид юугаараа онцлог вэ гэвэл өргөн уудам газар нутаг, уламжлалт мал аж ахуйн соёлоороо дэлхийд гайхагддаг ховордсон үндэстэн. Нүүдэлчин ахуй гэдэг тэр чигээрээ зөвхөн бидэнд л уламжлагдан хадгалагдсан, бид үүгээрээ ч  ялгагдсаар байна.

ЧЭЖҮГИЙН МОНГОЛЧУУД

“Хан Монгол Морин цирк” -ийн уран бүтээлч болоод, Монголдоо хоёр жил бэлтгэл хийж Чэжүд анх гэрээгээр ирснээс  хойш 17 жилийг ардаа орхижээ. Солонгост амьдарсан хугацааны 90 хувь нь энэ арал дээр өнгөрч. Чэжүд эх оронтой минь төстэй зүйлс олон бий. Салхи, шөнийн тэнгэр, одод, байгаль нь үнэхээр үзэсгэлэнтэй… Тийм болохоор эх орондоо байгаагаас ялгаагүй. Яг одоо бид ам бүл 48-лаа байна. Ер нь бол 57 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Ковидоос болоод  Монголоос шинэ хүмүүсээ авч чадаагүй байна. Цаг үе гайгүй тогтоод ирэхээр хоёр ээлжийн уран бүтээлчдээ татна. Шинэ хүүхдүүд ирэхээр маш завгүй болдог. Монголд уран бүтээлчдээ бэлдэх байр байхгүй учраас энд ирж бэлтгэлээ хийдэг. Яагаад гэвэл заавал стандартын заал, зориулалтын байр сав, хамгаалалтын бүснээс эхлээд маш их зүйлс хэрэгтэй болдог. Цирк гэдэг маань өөрөө онцгой байр. Харамсалтай нь одоо Монгол маань циркгүй болчхоод байна.

Үндэсний баяруудаар тэр дундаа наадмаар сайхан монгол дээлээ өмсөнө, өөрсдийн босгосон овоо хайрхандаа гарчихна, пони морьдынхоо дэл сүүлийг шууж дүү нар унаад сайхан уралдуулж өөрсдийгөө хөгжөөчихнө.  Морьт харвааны тэмцээн зохиогоод сураа харвачихна, олон сайхан залуучууд байгаагийнх бөхөө барилдчихна, Сөүлээс мах захиалаад хорхог, бөөрөнхий хуушуур хийчихнэ. Цагаан сараар дүү нар маань гурилаа зуураад, нухаад хэвийн боовоо өөрсдөө хийчихнэ. Хоорондоо сайхан золгочихно. Ер нь Монгол баяр ёслолоо өргөн дэлгэр тэмдэглэдэг. Мартаар энэ олон хөвгүүд чинь охидоо баярлуулна, гэнэтийн бэлэг барина, урлагийн тоглолт үзүүлэн гарын хоолоо хийж өгч баярлуулах жишээний. Цэргийн баяраар мөн л охид нь хөвгүүдээ баярлуулж эрчүүдийнхээ дуртай хоолыг хийж өгөх гэх мэт харилцан гэр бүлийн уур амьсгал бүрдүүлээд дээрээс нь хүний нутагт байгаа шүү гэсэн гансрах сэтгэл, гонсойх мэдрэмж төрүүлэхгүй байхыг хичээдэг.

Би багаасаа энд олон жил болсон болохоор яг ийм насан дээр юу хэрэгтэй байдаг, яадаг вэ гэдгийг сайн мэддэг учраас багцаа байдаг.

Амьдрал дээр төдийгүй ажил дээр ч ялгаагүй, хаана нухдаг, яаж өвддөг, мориноос ингэж буувал хөл өвдөх үү, үгүй юу гэдгийг өөрөө мэдрээд туулчихсан болохоор заах арга барил маань ч илүү ойр байдаг байх. Биеэрээ туулсан болохоор түүнийгээ  дараагийн хүмүүстээ  хэлж өгөх нь миний үүрэг. Өөрөө олон ах нарын дунд хүмүүжигдэж явсан болохоор циркийн хүндлэл, эрэмбэ дараа, сахилга батыг алдуулахгүй аваад явахыг хичээдэг. Мэдээж тэр нь соёлтойгоор харилцан хүндэтгэл дээр тогтож явдаг.

Баг хамт олныг  ахалж яваагийн хувьд Г.Идэрбаатар бид хоёрт хувийн цаг, амралтын үе гэж бараг байдаггүй. 24 цагт байнгын бэлэн байдалд,  түргэний дуудлагын эмч шиг л… Яагаад гэвэл хэн нэгэн нь өвдвөл яах вэ, морь жүчээнээсээ гарч явлаа гэхэд араас нь явах, юу ч тохиолдсон байнгын бэлэн байдалд хариуцлагатай байх шаардлагатай байдаг.

Удирдагч, багш хүн аль болох зоригтой, хариуцлагатай байж хэмээнэ үлгэр дуурайлтай, итгэл үнэмшилтэй, үзэл бодолдоо үнэнч, сахилга баттай байх ёстой болов уу гэж боддог. Би архи тамхи алиныг нь ч хэрэглэдэггүй. Багаасаа л олны дунд явчихсан болохоор магадгүй би эд нарынхаа өмнө өөрөө хүмүүжигдээд явчихдаг ч байж болох юм.

2008 онд яг энэ газарт “Чингис хааны догшин хар сүлд” гэж Монгол тоглолтоо дөрвөн жил тоглосон, одоо Солонгосын түүхэн хаадын тухай номер  үзүүлж байна.  Анхны тоглолтоороо Монгол гэдгээ харууллаа, мэдрүүллээ,  гайхуулчихлаа… Харин одоо тухайн улсынхаа өв соёл, түүх, хаадын бодит амьдралыг үзүүлж байгаад Солонгосчууд их дуртай байгаа. Хүмүүс өнгөцхөн дүгнээд та нар Солонгос номер тоглолоо гэх шүүмжлэлд багагүй өртөж байсан. Хэн ч, хаанаас ч ороод ирэхэд бид улсынхаа далбааг хоймортоо залчихсан, хаанаас нь ч харсан Монгол гэдэг нь ойлгомжтой байдаг. Г.Идэрбаатар бид хоёроос гадна багш маань ирж найруулга зохиол дээр ажилласан. Зохиолоо гаргаад, тайзаа өөрчлөөд, морин тоглолт учраас үзүүлэх үйл хөдлөлөөрөө зохиолоо амьдруулаад, чимээд явж байна. Тоглолт болгонд шинэ хувцас, морины хэрэглэлүүд өөрчлөгддөг. Амьд тоглолт учраас үзэх болгонд өөр өөр өнгө аястай.

Бид зохиолоо өөрсдөө гаргаад, дуу хөгжмийг тусгай студид хийлгэдэг. 10 секундийн ая шуумыг гэрээний дагуу зохиогчийн эрхтэйгээр нь худалдаж авдаг. Сөүлээс материалаа захиалаад хувцсаа өөрсдөө оёно, мөн нүүр будалтаа ч ялгаагүй өөрсдөө хийнэ. Үсний засалтыг харин эдний оддыг харж, дуурайж  шингээхийг хичээдэг. Бие бялдрын хувьд төдийгүй, зүс царай, үс гэзгэндээ анхаарах ёстой. Монгол залуучууд гэхээр бов бор намхан стиль имиж муутай байж болохгүй. Яагаад гэвэл бид энэ урлагийг тодорхой хэмжээнд үзүүлж харуулаад явж байгаагийнх уран бүтээлч гэсэн хүндэтгэлийг энэ хүмүүсээс авахын тулд гоо зүйн өндөр мэдрэмжтэй байх хэрэгтэй.

Манай залуучууд ихэнх нь 1.80-тай. Гол дүрийн залуучууд маань царайлаг бие бялдар сайтай байх хэрэгтэй учраас тодорхой шалгуураар харж авдаг. Монгол улсын нүүр царай болж байгаа гэдэг утгаараа. Монголчууд ийм өндөр байдаг юм уу? Ийм царайлаг юм уу гээд гайхах тохиолдол цөөнгүй гардаг. Биднийг бор, жижигхэн хүмүүсээр төсөөлдөг юм шиг байгаа юм. \инээв\

Манай тоглолтыг тасралтгүй үздэг, 60 гаруй удаа үзсэн нэг цагдаа ах бий. Манайхан бүр таньдаг болчихсон, Сөүлээс зөвхөн биднийг зорин ирж, гоё эрч хүч авдаг гэж хэлдэг. Бид байнгын бэлтгэлтэй байдаг, бэлтгэлтэй хөнгөн шингэн байх тусмаа авхаалж самбаатай бэртэлгүй ажиллана. Нэгдүгээрт эрүүл мэнд, дараа нь хүсэл мөрөөдөл, хамгийн сүүлд мөнгө гэдэг зүйл явах ёстой гэж боддог. Хүний хүсэл мөрөөдөл гэдэг хязгааргүй юм даа… Энэ салбараа дэлхийд таниулж,  брэнд болтол нь хөгжүүлэх юм сан гэсэн нууцхан хүсэл тээж явдаг. Шинэ баг бүрдүүлж, дэлхийг тойрохсон гэх мэт олон хүсэл байх авч аливаа зүйлд тохироо нь бүрдэх, боломж нь таарах гэх мэт биднээс шалтгаалахгүй хүчин зүйл нөлөөлж байдаг.

Солонгост ирж байгаа Монголчууд маань богино хугацаанд, хурдхан хөлжөөд буцъя гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг. Энд 17 жил амьдарсан хүний өнцгөөс ажихад архинаас болж хайран амь амьдралаа золигт гаргаж байгаа нутаг нэгтнүүдээ харж, өрөвдөх, өмөлзөх, жигшихийн сэжүүрийг мэдэрсэн удаа цөөнгүй. Үүнийг дагаад хамаг л бараан гэрэл гэгээгүй сэдвүүд нийгмийн сүлжээг эзэлдэг. Гэр бүлийн асуудлаа хүртэл олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаагаас харахад залуучууд маань ямар ч сэтгэлийн хатгүй байна уу даа гэж боддог. Архи ууж стресс тайлна, архи ууж гомдол гунигаа умартана, архи ууж хайраа илчилнэ, архи ууж асуудлыг шийднэ гэдэг хамгийн утгагүй зүйл… Одоо бол хоцрогдсон арга.

Уг нь бидний эцсийн зорилго ижил.  Эх орноосоо арай илүү боломж нөхцөлтэй орчинд амьдарч байгаагийнх ирсэн зорилгоосоо л буцахгүй байх. Эх орныхоо нэрийг өндөрт өргөөд, өнгөлөөд явж байгаа тодорхой хэмжээний мундаг залуучууд ч бидний дунд бий. Залуучууд, дүү нар маань байгаа байгаа газраа хичээцгээгээд, салбар салбартаа илүү тод товруун гялалзаж,  архи дарснаас хол яваасай гэж хүсдэг дээ…


Тэр ийн ярьсан юм. Оносон алдсан, ойчсон боссон олон Монголчуудтайгаа уулзаж, сэтгэлийн үгээ хуваалцаж явахдаа түүн шиг өөртөө итгэлтэй, омог бардам, нүүрэндээ галтай нүдэндээ цогтой ёстой л “Хийморийн дарцаг” шиг хүмүүстэй цөөхөн таарсны нэг нь Э.Эрдэнэ байлаа.