“Бусдын түүхийг гэрчилж өөрийн түүхийг бүтээе”

Мянга мянган хүмүүсийн гунигт түүхийг мэддэг шигээ сая сая хүмүүсийн гайхамшигт түүхүүдийг ч яриж өгч чадна. Уншсан ном, уулзсан хүмүүс, явсан зам, авсан зураг, тэмдэглэсэн бичвэрүүд минь гэрчлэх биз ээ…

Хүний нутгаас юутай буцах гэж байна?  Гэдэг асуултын хариуг олон хүнээс авч байсан хэдий ч өөрөөсөө асууж байгаагүй юм байна.

Надад хураасан мөнгө гээд овойж оцойх юм алга… Юуг нь нуухав.

Байр, машин… өөр юу юу ч билээ дээ хүмүүсийн зорилго болгож ирсэн, хүсдэг зүйлс.

Харин би хүүдээ боловсрол, хүмүүжил, эрүүл саруул бие цогцостой, ухамсартай иргэнийг  эх орондоо хүлээлгэн өгөх гэж хичээж яваа минь миний хуримтлал.

Хан мөрний мөсийг долоох шахам амьдрахдаа тавин мянган Монголчуудаас таван мянгатай нь уулзаж, гэрэл зураг, яриа ярилцлага авч, нийтлэл бичиж, тойрон аялал,  хоёр удаагийн гэрэл зургийн үзэсгэлэн, өөрийгөө бүтээх, өөрийгөө хайрлахын ухамсарт суралцан, үзсэн харсан туулсан бүхнээ туршлага болгон нөөшилсөн даруухан бөгөөд бодит намтрыг өөртөө хуримтлуулав.

Харин, нурсан балгас шиг сэтгэлд минь гүнээс гүн тодоос тод томоос том шарх сорвинуудын хуримтлал багагүй үүсгэжээ. Арьсан дээр минь, амьдрал дотор минь ч…  гэхдээ одоо тэрийг тэнгэрт нь даатгая.

Эморох зав алга…

Алдагдсан бүхний орон зайг нөхөж, амьдралын минь замд салаалж дурайсан нэгэн шинэ жимээр хамтдаа алхацгаая.

Энэ жим улам талхлагдаж, тодорч томорч, өргөнөөс өргөн зам болон Дэлхийгээр тархсан сая сая Нүүдэлчдийн жингийн цувааг таслаагүй торгоны зам мэт дурайг.

Эх орноос минь өөрцгүй элгэндээ тэвэрсэн Солонгын орон, Солонгосын Монголчууддаа чин сэтгэлээсээ гялайлаа.

Та бүхний минь надад үзүүлсэн хайр ивээл, халуун итгэл, хайруу зан, хахир авирууд өнөөдрийн энэ вэбсайтыг нээхэд том түлхэц үзүүлсэн юм шүү.

Одоо би дэлхийн хаана ч амьдарсан энэхүү хуудсаараа дамжуулан Дэлхийгээр тархсан Монголчуудын тухай та бүхэндээ хүргэж, мэргэжлийнхээ ажлыг хийж гүйцэтгэн гүйж харайхад бэлэн боллоо…

Заа… ингээд үг юбка 2-н богино нь дээр гэдэг.

Бүгдийг нь үнсэе.

Fstory.mn-н үүсгэн байгуулагч Сэтгүүлч А. Навчаа

Түгээх