Дэврүү зурвас

-БНСУ-аас сэтгүүлч А.Навчаа Search төслийн хүрээнд бэлтгэв-

Сөүлийн аль нэгхэн буланд гадаадын оршин суугчдын адил жишгээр цагийн ажил хийж явахдаа танилцсан Монгол хүн бүртэй садан шигээ дотно биш ч мэндийн зөрүүтэй явах сан гэж хичээнэ. Хүний нутгийн хүйтэн амьдралын хэмнэлд эн зэрэгцэн аж төрөх нутаг нэгтнүүдийнхээ байр байдал, аж амьдрал, зан харилцааны тухай бүдэгхэн ойлголт өдрөөс өдөрт тодорч эхлэх шиг.

Тавин сая Солонгосчууд доторхи тавин мянган Монголчуудын өнөөдрийн дүр төрх,  энэ цаг үеийн амьдарлын гэрч болох хүсэл төрөөд удав. Уулзаж танилцсан хүн бүрийн өнгө төрх, урт богино яриа, гэрэл зурагт үлдсэн гунигтай атлаа инээсэн харц…  Тэд юунд зориж, юу мөрөөдөж, юу золиж, юу олж, алдаа онооны ямархан дэнс амьдарлын урт холын замаа хэрхэн үргэлжлүүлж яваа бол?

Олон олон асуултын тэмдэг зүг чиг гарган, олсны үзүүрээс атгаад авсан мэт өдрүүдэд эрэлийн хүн шиг явахдаа туг дарцаг шиг золбоотой ДЭВРҮҮ ЗУРВАС -тай учрав.

Яг үнэндээ би, түүнийг Монгол буцмаар байгааг нь огт ойлгоогүй юм. Монголоос хүмүүс зугтах шахам байгаа энэ цаг үед тийм ч зөв шийдвэр мөн  гэдэгт эргэлзэж, янз бүрийн шалтгаан тоочиж, хэсэг хугацааны дараа явахыг  зөвлөсөөр байсан юм. Дөрвөн жил нутагтаа очсонгүй. Цас л үзмээр байна, эмээ минь өндөр настай амжиж уулзах сан гэх түүний санаашрал яг үнэндээ ирээд удаагүй надад тийм ч сэтгэл догдлом шалтгаан биш байлаа.

Олон үг ярих дургүй. Дуртай, дургүйгээрээ харцаараа л хэлчихдэг түүнийг таниж нөхөрлөнө гэдэг цөл газар кактус ургахыг хүлээхтэй адил. Харилцааны хязгаарыг боловсон аргаар тогтоож чаддаг түүнийг ганцхан сарын хугацаанд таних ямар ч боломжгүй.  Хүнийг таниж нөхөрлөнө гэдэг, нээж үлдэж чадна гэдэг зөн совин, мэдрэмжээс хэтийдсэн  зүйл аж.  Гэвч миний олж харсан, хэнд ч анзаарагдамгүй, жирийн бус түүнтэй  ТАНИЛЦ.

Нэрийн хуудас                                                     

Багаасаа л урлагийн хүн болох байсан юм шиг ээ. Аав ээж хоёр маань ятга, шударга хөгжим тоглодог, сайхан дуулдаг, ээж маань дуу хөгжмийн багш. Найман настайгаасаа ятга хөгжим тоглосон. Багадаа их дуулж  бүжиглэдэг байсан болохоор  ээж ятгын дугуйланд оруулсанаар  ятгачин болсон. Хэрвээ Ятгачин болоогүй бол ямар мэргэжилтэй, юу хийдэг, ямар хүн болох байснаа огт төсөөлж чаддаггүй гэж нүдээ дүрлийлгэн, намуухан инээв. Ятгын А. Цолмон \БТА\ багшийн шавь, Улсын Филармонид урилгаар орсон нь бахархал төдийгүй,  залуу уран бүтээлч, хөгжимчнөөр төгссөн хүн бүрийн хувьд Морин хуурын чуулгад орно гэдэг  нэр төрийн хэрэг гэж хэлэх дуртай.  Монголын анхны ятга хөгжмийн тавал гэж Морин хуурын чуулгад байх агаад тус хамтлаг  “Хязгааргүй” хэмээх Монгол үндэсний сонгодог бүтээлүүд төдийгүй, дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлүүдээс бүрдсэн анхны тоглолтоо 2016 онд хийж байжээ.  Үндэсний хөгжмийн хамтлагуудын талаар хүн бүр мэддэггүй, тэр дундаа ятгын тавлын тухай бүр ч мэддэггүй, ойлголт хомс үед  тоглолтоо хийж, хамтлагаараа маш олон зүйл хийхээр төлөвлөж байсан хэдий ч сургуульд сурахаар болж, уран бүтээлийн мөрөөдлүүд нь түр саатахад хүрэв.

Найзууд нь СУИС -ийг  төгсөөд магистрт залгуулан сурч эхлэв. Тэр үед гадаадад сургуульд сурна даа л гэсэн  бодол өвөртөлж явсан хэдий ч,  тухайн үед ямар ч төлөвлөгөө байгаагүй түүний хүсэл биелж, 2016 онд  БНСУ-ын Солонгосын Үндэсний  Урлагийн Их Сургууль суралцах боломж тохиов.

Тус сургууль өнгөрсөн жилийн судалгаагаар дэлхийд 38-д жагссан төдийгүй, жил бүр гадаад орнуудаас 25 оюутныг сонгон авч суралцуулдаг. Урд жилүүдэд нь дээд ангийн элсэгч нь сурч ирээд, түүнд мэдээлэл өгснөөр хоёр жил гаруй судалсан. Тэтгэлэгтэй сургууль, чи тэнцэнэ ээ хэмээн итгэл өгч байсан нь түүнийг улам зоригжуулж, материалаа бүрдүүлэн илгээхэд  тэнцсэн гэсэн хариу ирж ирээдүйн зорилго нь илүү тод харагджээ. Зуун хувь улсын тэтгэлгээр суралцана гэдэг мэдээж хүн бүрт тохиогоод байдаггүй том боломж.

Сургуулийн хувьд тэтгэлэгтэй бусад сургуулиудын жишгээр шаардлага адил ч,  өөрийн уран бүтээлийн сан хөмрөг, түүнээс гадна тухайн уран бүтээлчийг  тодорхойлсон салбарын хүмүүсийн тодорхойлолт  чухал нөлөө үзүүлдэг.   Солонгост ятгын чиглэлээр суралцсан Монголын анхных нь төгсөгч, арваад  Монгол оюутан суралцдаг. Хамгийн хэцүү хичээл нь ханз үсэг сурах, ордны ятгыг тоглохын тулд ханзаар бичсэн нот харах шаардлагатай байдаг.  Энд ирээд гурван төрлийн ятга тоглож сурсан. Ордны ятга, Санжу \Солонгосын 12 утастай ятга\, хорин таван утастай ятга. Хорин таван утастай ятга нь монгол ятгатай тун төстэй.

Эртний Энэтхэг, Грект ятгыг бурхад, Монгол домогт тэнгэр бурхдаас үүссэн гэж үздэг. Гүр дууны судар бичигт үлдсэн нэгэн домогт галав юүлээд, завсрын галав юүлсний дараа ятга хөгжим үүссэн тухай өгүүлжээ. Ятгыг Гандирсын хөгжмийн зэмсэг гэх бөгөөд, ардын домогт халамжит хань, ачит эхээ санагалзсан сэтгэлээс үүссэн ч гэдэг. Тэр ч бүү хэл хүнд оршсон адыг хувилгаан хөгжимчний дэлдсэн ятгын эгшгээр хөөн зайлуулдаг тухай элдэв яриа, домог хууч бий. Ятга хөгжмийн нэрний эртний хэлбэр нь идтэй, итгэлтэй гэсэн утга бүхий  Ятуган хэмээх үг 1382 онд зохиосон “Хуа-И И-юй” толь бичигт  тэмдэглэгдсэн бол, “Монгол ятга” нь тэнгэрийн хөгжим болохын учир шалтгаан хэмээн Хөгжим судлаач Ж. Бадраа гуай  “Ятуга-ятга” гэдэг нэр нь  “чадал, ид хав” гэсэн утгатай, итгэ итгүүлэх гэсэн үгнээс гаралтай хэмээн тайлбар хийн дүгнэсэн байдаг.

Тэнгэрийн хөгжмөөр наадагч энэ бүсгүй  ятгаа өвөр дээрээ тавихаараа нуруу цэх, харц тэнэгэр, өөртөө итгэлтэй хачин уян, нэг л өөр  болчихдог. Яг л онгод нь орсон бөө ид хаваа гайхуулах мэт орчлон хорвоогийн түмэн зүйлийг мэдрүүлж,  уран хуруугаа утсан дээгүүр наадуулахад хэдийнэ ховсдуулсан мэт орчноо умартах авай. Монгол Үндэсний хөгжим, ардын дуугаа сонсохоор хийморийн сан тавиулсан шиг хамаг бие хөнгөрч, цог золбоо дүүрэн болохыг яана… Тэр тусмаа хүний нутагт эх орондоо очоод ирсэн мэт сэтгэл бялхаад ирнэ.  Нээрээ л ятга хүнийг ятгаж, итгүүлж чаддаг амьтай аж. “Аргагүй амраг” -г ятгын аялгуугаар сонсоод үзээрэй… гэхдээ нүдээ аниад…

Минор

Одоо Монголдоо очиж, ажилдаа орж,  сурсан мэдсэнээ хамт олон ард түмэндээ шалгуулах том даваа байна. Бие даасан, ганцаарчилсан тоглолтын төлөвлөгөөтэй байгаа. Нүсэр тоглолт гэхээсээ илүүтэйгээр орчин цагийн хэмнэлд тааруулсан, энгийн хэрнээ чамин байхаар…  Жишээ нь Солонгост төдийгүй олон улсын өнөөгийн тоглолтын чиг хандлага ганцаарчилсан болон хоёрлосон гурвалсан тоглолтуудыг маш их хийдэг. Өвөрмөц, этгээд орчинтой газар жижгэвтэр тайз засаад, өөрөө хөгжмийн найруулгаа хийгээд  VIP \цомхон\  тоглолтыг  хийдэг болсон.  Иймэрхүү тоглолтыг  хийх нь тухайн уран бүтээлч өөрийгөө хөгжүүлж, уран бүтээлийн  туршлага сууж, илүү их шинийг  эрэлхийлэх хүсэл эрмэлзэл дүүрэн болдог юм шиг санагддаг. Миний анхны зохиосон хөгжим энд сурч байхдаа хийсэн, анимэшны хөгжим байсан. Ер нь хөгжмийн хөрвүүлэг найруулга талдаа илүү их сонирхолтой. Сүүлийн үед солонгос ятган дээрээ ганц нэг найруулга хийж байгаа. Гэртээ home studio \гэрийн студи\ дээрээ л ажиллаж байна. Солонгосчууд ардын гэхээсээ илүүтэйгээр уламжлалт гэдэг ойлголттой. Энд ирээд дотор нь ороод, амьдраад, сураад хичээл үзээд заалгаад ирэхээр манайхнаас илүү уламжлалт зүйлсээ маш сайн судалгаатайгаар авч үлдэж байгааг нь мэдэрсэн. Энэ бол гарцаагүй биднийх, жинхнээсээ манай юм гэдгийг бүрэн утгаар нь батлаад авч үлдэж чадсаныг нь хараад бахархах, гайхах бас атаархал төрж байсан.

Солонгосын Пансуры гээд ардын дууны хувьд энэ улс үндэстэн ямар зовлонг туулсан, түүхийн хүнд нугачааг хэрхэн  туучсаныг гэрчлэх мэт гунигтай санагддаг. Зовлон дундаас ургасан аялгуу гэлтэй. Манай ардын дуунууд гунигтай хэдий ч,  пансуры шиг хэтэрхий уйтай биш. Аливаа улс үндэстэн бүрийн ардын урлаг тухай цаг үеийн түүхийн гэрч,  нийгмийн улбааг илэрхийлж байдгаараа хоорондоо төстэй санагддаг.

Оньсгоныхоо хариуг олсон таатай өдрүүд өнгөрч байна.  Хүсэл мөрөөдөл, зорилгоо мартан хувиа хичээх сэтгэлгүйг нь мэдэрсэн болохоор түүнийг хурдан буцаасай гэж хүсч байна.  Санасан сэтгэлийг давсан цаг хугацааны хүлээлтийг илэрхийлэх үгийг яг одоогоор тодорхойлж хэлж үнэхээр чадашгүй нь. Эх орон, ээж аав, эмээгээ, ажлаа, найз нөхөд, уудам тал, униарт хөндий, эмх цэгцгүй Улаанбаатар, элэгдэж хуучирсан Филармоны байшин, гэрэлгүй орц, гэмгүй цайлган монгол занг… ер нь юм бүхнийг  санахын жаргал зовлонг тэр бусдыг адил эдэлж л явна.  Ямар үед эх орноо илүү их санадаг вэ гэж асуухад тэрээр, гадаадын орнуудад тоглолтын үеэр ардын дуугаа тоглохоор хачин гунигтай болчихдог. Тэрийгээ тоглолтын дараа  татуулсан гэрэл зураг, бичлэгнээс гунигтай харцаа харж мэддэг дээ гэсэн. Санах гэдгийг хөгжмийн дугаралт гэж үзвэл ямар дуугаралт вэ гэж сонирхоход,  хөгжмөөр бол минор юм уу,  минор гэдэг нь хүнд гунигтай дугаралт гаргадаг эгшиг … \ингэж хэлээд түүний нулимс цийлэгнэв.\

Call me  

Киноны хөгжимд дуртай болохоор кино үзэх маш дуртай. Би ямар ч  дууны үгнээс илүү аяыг илүү их мэдэрч ойлгож өөртөө суулгаж шингээж тоглодог юм шиг ээ. Манай багш намайг юм их ноотлуулдаг байсантай холбоотой байх.

Ардын дуунуудаа тоглох дуртай. Олон орны тайзан дээр үндэсний хөгжмөөрөө ардын дуугаа эгшиглүүлэх шиг аз жаргал гэж үгүй. Ер нь ардын дуунуудаа нүдээ аниад ч тоглоно… Тайзан дээр гарах мэдрэмж бол айдас догдлол давхацсан ер бусын  мэдрэмж. Нэр зарлаад гэрэл тусаад олон хүмүүсийн нүдийг хараад л өнөөх догдлол хариуцлага болон хувирдаг. Хөг дуугаралт бүх зүйл эхлээд өөрт таалагдсан байх ёстой. Тэр хэрээрээ үзэгчдэд юу үзүүлэх вэ, юу сонсгох вэ гэдэг тэр чигээрээ маш том хариуцлага болж хувирдаг.  Очиж үзээгүй орнуудаараа ханьтайгаа хамт явж  тоглох хийх мөрөөдөлтэй. Миний  хань С. Эрдэнэбаяр нь Улсын Филармоны Морин хуурын Чуулгын морин хуурч,  одоогоор бид  гэр бүлээрээ Солонгос улсад аж төрөн, энд  амьдарч байгаа Монголчууддаа ардын сайхан дуу хуур, уран бүтээлээ чадах ядхаараа хүргэж, эх орноо суртачилах ажилд идэвхийлэн оролцож яваа жирийн нэгэн уран бүтээлч гэр бүл юм.

Канад,  Австрали,  Алтан прага, Чех, Африк, Энэтхэг, Түвд зэрэг орнуудад одоогоор очиж үзээгүй… Сайн багшийн ачаар, агуу урлагийн буянаар дэлхийн олон орноор явж үндэсний хөгжим, ардын аялгуу, ятгын эгшгийг чадах ядхаараа таниулж л явна. Азийн олон оронд ятгатай төстэй хөгжмүүд их бий. Хятад, Солонгос, Монгол зэрэг орнууд гол төлөв ятга тоглодог. Солонгос Монгол ятга зөвхөн өндгөөрөө тоглодогоороо ялгагддаг бол бусад төрлиийн ятга нэмэлт хуруувч хэрэглэдэг. Ятганаас гадна төгөлдөр хуур гитар гэх мэт хөгжөөр бага сага тоглочихно.\инээв\  Одоогийг байдлаар электрон дуугаралтуудыг ашиглаж уран бүтээлдээ хоршуулах тал дээр ажиллаж, судалж байна. Маш их сонсохыг эрмэлздэг.  Дэлхийн сүүлийн үеийн бүтээлүүдийг сонирхож сонсдог, мөн байгалийн чимээ, сонирхол татсан чимээгээ тэмдэглээд дараа нь уран бүтээлдээ туршиж үзэх дуртай.

Уламжлалт, ардын өв соёл,  үнэт зүйлсээ хадгалж үлдээх тал дээр би илүү их санаа зовниж байна. Манай улс судалгаа багатай, хийсэн ажил хадгалсан зүйлс дэндүү ховор байгаа нь эмзэглүүлж байна. Солонгос улсаас би уламжлалт ардын гэх тодотголтой үнэт зүйлс өв соёлоо хэрхэн нандигнан өвлүүлж байгааг харж, сурч, мэдэж авлаа. Одоо цаг алдалгүй бид өв соёлоо хадгалж үлдээх тал дээр илүү ажилламаар санагдаж байна. Бага ч гэлтгүй  сурсан, мэдсэн зүйлээ нэг ч гэсэн хүнд зааж сургах хүсэлтэй байна…

Элчингээс түүн рүү хурдан залгаасай… Э. Оюунтуяа шиг ажил мэргэжилдээ хайртай, хийж бүтээхийн ид хав нь буцалсан олон Монгол залуус явах өдрийн ээлж дарааллыг хүлээн утас чагнан, электрон шуудангаа харуулдан суугаа. Монголын нийгэм санасан шиг чинь хүлээж авч чадахгүй байж болно гагцхүү зорисон зорилгоосоо бүү ухраарай. Чиний чин хүсэл Монголын урлагт өөрийн гэсэн гэрлийг асаах цаг болсныг сануулах мэт…

Амжилт бүсгүй минь.

Танилцуулга:

Нэр: Энхбатын Оюунтуяа

Тѳрсѳн он сар : 1984.09.19

Facebook:     Oyunaa Tukana

                       Tukana’s music

Боловсрол, мэргэшил

  • 2017-2020: Солонгосын Үндэсний Урлагийн Их Сургууль, Уламжлалт Урлагийн Магистрын зэрэг,(Каяагүм) Сѳүл хот, Ѳмнѳд Солонгос
  • 2004-2008: Соёл Урлагийн Их Сургууль, Гоцлол хѳгжимчин (Ятга), Хѳгжмийн багш, Бакалаврын зэрэг, Улаанбаатар хот
  • 1995-2003: Улсын Консерватори (Хѳгжим бүжгийн Коллеж), Хѳгжимчин, хѳгжмийн багш, Мэргэжлийн диплом, Улаанбаатар хот
  • 1990-1994: Ерѳнхий боловсролын 49-р дунд сургууль, Улаанбаатар хот

Сургалт, Хѳтѳлбѳр

  • JULY- DEC 2015: Ази, Номхон далайн бүс нутгийн шилдэг хѳгжимчдийн, Соёлын солилцоо санаачилгат тѳслийн оролцогч, (CPI) хѳтѳлбѳр Cultural Partnership Initiative (CPI) program, Korea,
  • SEP- OCT 2019: АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол, Соёлын газраас зохион байгуулдаг (Onebeat) хѳтѳлбѳрт улсаа тѳлѳѳлж оролцсон, Олон улсын шилдэг залуу уран бүтээлчдийн нэгдсэн хамтын ажиллагааны хѳтѳлбѳр. U.S. Departmend of State Bureau of Educational and Cultural Affairs (Onebeat2019) program, United States

Ажлын туршлага

  • 2003-2008: “Хархорум” Ардын хөгжмийн хамтлагийн үүсгэн байгуулагч,  Produced KharKhorum album
  • 2006-2008: Соёл урлагийн их сургуулийн ятгын чуулгын хөгжимчин Produced An album of the Yatga Ensemble
  • 2008-2011: “Хулан” хамтлагийн хѳгжимчин  Produced a joint album “Khulan Zund”
  • 2016: “Quintet of Yatga” Ятгын Квинтетийг үүсгэн байгуулагч, удирдагч
  • 2007-2018: Монгол Улсын Морин Хуурын Чуулгын Ятга хѳгжимчин

Тоглолт

  • 2008: “Solo concert” Улсын Филармони, Улаанбаатар хот
  • 2009, 2011: “Хулан” хамтлаг, Италын нэрт дуучин Mauri Pagani тай хамтарсан тоглолт, хѳгжимчин, хѳгжмийн найруулагчаар
  • 2008, 2009: “Мандах нар” ардын дууны найруулга Итали дахь аялан тоглолтуудад Гоцлон хѳгжимдсѳн
  • 2010: A.Vivaldi “Winter 1 анги” 25 утастай ятгаар “Дэлхийн хѳгжмийн дээжис”тоглолт Монгол улсын Морин Хуурын Чуулга, Улаанбаатар хот
  • 2014: Н.Жанцанноровын “Ятгын 1-р концерт” гоцлон хѳгжимдсѳн, ОХУ , Japan (Osaka, Tokyo) улсуудад гоцлон тоглосон
  • 2016: Ятгын Квинтет “Infinite” тоглолт, Дуурь бүжгийн Эрдмийн театр 2017 “Wings” Animation-ны хѳгжмийн зохиолч, хѳгжимчнѳѳр ажилласан, Солонгосын Үндэсний Урлагийн Их Сургуулийн Концертын Их Тэнхим (Korea National University of Arts, Seoul, South Korea)
  • 2018: “Gayageum” Бие даасан тоглолт, Солонгосын Үндэсний Урлагийн Их Сургуулийн Концетрын Их Тэнхим, (Korea National University of Arts, Seoul, South Korea)

Хѳгжмийн Хѳрвүүлэг, Найруулга

Монгол Улсын Морин Хуурын Чуулгад дахин найруулсан бүтээлээс

  • Монгол Ардын Дуу,  “Баян Монгол”, “Адуучин”
  •  Л.Мѳрдорж “Энэ хүүхнүүдүү”киноны хѳгжим
  • Б.Чинбат “Аравт” киноны хѳгжим
  • Ryuichi Sakamoto “The Last Emperor” киноны хѳгжим
  • Ryuichi Sakamoto “Merry Christmas Mr. Lawrence’’ киноны хѳгжим
  • Hans Zimmer “Pirates of the Caribbean’s,-He’s Pirates” киноны хѳгжим
  • John Williams Viktor’s tale from “The Terminal” киноны хѳгжим
  • John Williams Imperial March from “Star wars” киноны хѳгжим
  • Ятгын тавалд зориулан “Quintet of Yatga”
  • Astor Piazzolla “Libertango”
  • Ryuichi Sakamoto “Merry Christmas MR. Lawrence’’
  • Tchaikovsky Waltz of the Flowers, March from “The Nutcracker”

Амжилт, шагнал

  • 2014 Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны Жуух бичиг
Түгээх