-БНСУ-аас сэтгүүлч А.Навчаа Search төслийн хүрээнд бэлтгэв-
Сар хүрэхгүй хоногийн дараа сакура цэцэглэх нь… Санаа сэтгэл хүлээлттэй бас догдлолтой. Төд удалгүй сарнайн улирал залгуулна. Сакуран улирал, сарнайн улирал, борооны улирал, далайн улирал, будааны улирал, ногоон усан үзэмний улирал, алимны улирал араас нь сармисны улирал… Цэцэг жимсээр дагнасан улиралтай, идэмхий хүмүүстэй, уйланхай тэнгэртэй энэ улсад хэдхэн Монголчууд нь хэдийнээ дасжээ. Гиншиж буй эмэгтэйг санагдуулам гунигт ардын дуу нь, хүнсний захаар нэг цуурайтахад юу авах гэж ирснээ мартаж орхино. Давчуухан Сөүлийн хөнгөн хөг хэмнэлтэй уусахуй, уушийн газартаа шаагилдсан, шарсан гахайн махны хэншүү, ажлын ачааллыг умартуулах шил сөжү, шөнийн гурван цагт ч американо ууж зогсдог гурван зураастай хямд таавчигтангууд…
Гайхахаа больжээ хэдийнээ… 2020 оны Оскарын шагналт ПАРАЗИТ кино үнэндээ эдний жинхэнэ дүр төрх нь.
… Тэр хотод нэг эмэгтэй үйлдвэрийн осолд орж гэнэ. Хүүгийнх нь бие муу, ээж нь өчнөөн сар сахиж байгаа Монгол эмэгтэйг эргээд ирлээ, нөхрөө сахиж жил эмнэлэгт амьдарсан эмэгтэй дээр очлоо, Монголоос хүнд хагалгаатай хүүхэд ирсэн, хандив цуглуулна… Монголд өвөлжилт хүнд байна, цар тахал гаарсан тул маск, гар ариутгагч явуулна, алив тийшээ утасдъя, хэнтэй уулзаад явж байна, хэдэн эмнэлэгтэй уулзлаа нааштай хариу өглөө, “хар” -ынхан үйлчлүүлж болох нь шиг байна, бүтсэнгүй ээ заа яахав… Ахиад л зүтгүүлнэ дээ… хэмээн ажрахгүй ярьж, цуцалтгүй тэмүүлсээр яваа нэгэн “СОНИН ЭМЭГТЭЙ”- тэй таарав. Тэр улс төрч биш, алтны уурхайн ам сахисан тэрбумтан биш, баян айлын бэр биш, байдгийг нь бардаг бусдыг холгосон хөлжүү хүүхэн биш, өрөөлийн зовлонгоор даажигнаж өөрийгөө сурталчилсан live-чин биш, амбиц ихтэй алдартан биш, тэр зүгээр л бусдын төлөө чадах мэдэх бүхнээ харамгүй зориулж яваа жирийн МОНГОЛ ЭМЭГТЭЙ.
НҮД
Би хавар төрсөн болохоор ирж яваа цагт дуртай. Миний төрсөн өдрөөр Монголын болон дэлхийн олны танил хүмүүс, одууд их мэндэлсэн байдаг нь надад сайхан санагддаг. Хонины ордныхон ер нь энерги өндөртэй, хүчтэй хүмүүс байдаг юм шиг ээ… \инээв\
Аав маань Архангай аймгийн хүн, ээж маань төв аймгийнх. Би Улаанбаатарт төрсөн. Анагаахын дундыг төгсөж, Оргил рашаан сувилалд олон жил ажиллаж байгаад Солонгос улсад 1997 оноос эхлэн ирж очин, 2005 оноос бизнесийн хөрөнгө оруулалтын визээр гэр бүлийн хамт суурин амьдарч байна. Солонгос улсад албан ёсны зөвшөөрөлтэй Түвшин ХХК байгуулж, “Чингис хаан” гоо сайхны салоныг арван дөрвөн жил тогтвортой ажиллуулсан. Одоогоор COVID -ын улмаас түр хаагдсан байгаа. Миний хань Хоолны технологич мэргэжилтэй, Оргил рашаан сувилалд олон жил тогооч хийсэн. Нөхөр маань хүнд өвчний улмаас саяхан бурхны оронд заларсан. Хамтдаа өнгөрүүлсэн он цагийн сайхныг дурсан, өрөөсөн болсон хувь тавиландаа итгэж ядан явна даа эгч нь…
Бид Солонгос дахь Монголчуудын наадмын зохион байгуулалтад оролцож хань маань хорхог боодог, хоол унд хийж Монголчуудыгаа дайлж улс орноо хэр хэмжээндээ л сурталчилсан олон үйл явдлуудад оролцож байжээ. Эргээд бодоход сайхан, дурсамж дүүрэн байна. Манайх хүү охин хоёртой. Хоёр ач хүүтэй. Хоёр хүүхдээ Солонгост боловсрол олгох зорилго маань биелсэн, эгч нь ээжийн үүргээ нэр төртэй биелүүлж яваа л гэж боддог. Үр хүүхдийнхээ, хүүхэд насных нь амьдралд чиг зам гаргагч нь ээж хүн. Ээжийн үүрэг оролцоо гэдэг ямар ч өв хөрөнгөнөөс үнэтэй. Солонгос улсад гадаад иргэдийн хүүхдүүд их дээд сургуульд сурна гэдэг тийм ч амар зүйл биш. Тэр тусмаа хоёрын хоёр хүүхэд сургана гэдэг амаргүй даваа. Ялангуяа Сөүл хотод сургах нь бэрх, ихэнх айлууд хүүхдүүдээ өөр хотруу оюутан болгох нь элбэг. Тийм болохоор танил Солонгос хүмүүс намайг та яаж ингэж чадав аа гэж гайхах тохиолдол цөөнгүй.
Би Аялах бас ууланд гарах дуртай. Ууланд гараагүй удаж байна, гарах бэлтгэлдээ орсон байгаа, тусгай техниктэй учир бэлтгэл бие халаалт чухал. Дэлхийгээр аялах мөрөөдөлтэй. Зав л гарвал ном уншиж, хөгжим сонсон, өөрийгөө эрч хүчээр цэнэглэж байхыг хичээдэг. Хөгжимгүйгээр өөрийгөө төсөөлдөггүй. Манай ээжийн өвөө нь Лувсан хуурч гэж хүн байсан гэсэн. Хошигнож, егөөдөж ерөөл магтаал хэлдэг, тэр ерөөл дуугаараа тухайн цаг үеийн орон нутгийн мэдээ, юу тохиолдож байгаа, болзошгүй бүхнийг дуулгадаг, нутгийнхныгаа хөгжөөдөг тийм хүн байсан гэнэ лээ. Ээж маань учиртай гурван толгой жүжгийн Нансалмаагийн дууг сайхан дуулдаг байсан. Эгч нар маань оросын урлагын сургуульд суралцаж байсан болохоор урлагт, дуу хууранд цаанаасаа л нэг дуртай байдаг.
Ярих зуураа түүний нүдний хүүхэн хараа хүрээгээ тэлж, тухайн дурсамжийнхаа цаг үед очсон мэт гүн ширтэнэ. Гундаж амжаагүй ч илүү тод үзэсгэлэнтэй байсныг нь гэрчлэх мэт алаг нүд нь аль цэцгэн дээр суухаа үл мэдэх эрвээхий шиг тогтож ядан сэрвэлзэнэ. Бурхан том нүдтэй хүнд илүү зовлон өгдөг гэсэн хуучны яриа байдгыг сонсож байсан. Түүнийг нотлох мэт “ Хүн амьдралд их нухлагдаад ирэхээр хүний өнгөтэй өөдтэй авьяас чадвар бүдгэрдэг юм шиг ээ…” Цагтаа эгч нь нүдээрээ инээж, ягаан Гажид шиг тас тас хөхөрч, цангинатал дуулж явлаа… хэмээв.
ХОЁР ДАХЬ ЭХ ОРОН
Хэлийг нь сайн сураад авбал ямар ч орны иргэдэд их ээлтэй нийгэмтэй. Тийм ч учраас монголчууд төдийгүй, олон улсын иргэд тив дэлхийн улс орнуудаас Солонгосыг сонгон ирж амьдарсаар байна. Солонгос хүмүүс, нэг сайн хүндээ ах дүүгээсээ ч илүү дотно болох хандлагатай. Нэг л итгэсэн бол ямар ч үед итгэсээр дуусдаг. Сурч боловсроход, өөрийгөө хөгжүүлэх маш их бололцоотой. Салбар бүрийн, мэргэжил тус бүрд зориулсан сургалт, хөтөлбөрүүдийг хайгаад судлаад явахад элбэг тохиолдоно. Би анх гоо сайхны салон ажиллуулж байхдаа эднийхээс зарласан олон улсын тэмцээнүүдэд оролцож өөрийгөө сорьж, амжилттай оролцож байсан. Ямар хэмжээнд аль шатанд яваагаа сонирхож, хэд хэдэн удаа оролцсон. Гадаадын иргэдэд боломж хомс, хүлээж авдаггүй байх гэж бодсон минь талаар болж, харин ч хүн өөрийгөө голж болдоггүй юм байна гэдгийг мэдрүүлж өгсөн. Манай Монголчууд их өөрсдийгөө дарж явдаг улс юм шиг санагдсан. Бид “Боломж” -оос айж зугтдаг юм билээ. Үнэхээр зүтгээд, зориод, хичээвэл Солонгос улсад заавал хар бор ажил хийж нухлагдаж явдаг тэр үе нэгэнт өөрчлөгдөн хувьсаж байна. Монгол залуус маань нэгэнт суралцах гэж ирсэн бол цаг заваа зөв зохицуулж энэ улсын соёл, нийгмээс их зүйл сурч эх орондоо чадварлаг мэргэжилтэн болж очин, Монголдоо их зүйл хийж, өөрчлөлтийг авчраасай гэж хүсдэг. Солонгосчууд мэргэжилдээ эзэн болсон улс. Хэнд ямар туслалцаа юу хэрэгтэй байна, тэр хүнд туслахаас гадна, мэддэг зүйлээ харамгүй зааж өгдөг. Энэ хүн надаас илүү мэдчих болов уу, би энэ хүнд энэ хүртэл л зааж өгнө гэсэн аминчхан хүн ховор таарна. Тэр талаараа Солонгосчууд их итгэлтэй хүмүүс. Үйлчилгээний газрууд л гэхэд хүнд тултал үйлчилдэг. Авахгүй ч гэсэн сонирхох тохиолдолд үнэн голоосоо зөвлөгөө өгч, эелдэг харьцдаг. Харилцааны өндөр мэдрэмжтэй. Солонгос хүнтэй гэр бүл болсон олон Монгол бүсгүйчүүдийг улсын бодлогоор дэмжээд, үнэ төлбөргүй сургаад, мэдлэг боловсролыг нь дээшлүүлээд багшлах эрх өгч, амьдрах нөхцөлийг нь бүрдүүлээд, багшийн ажлаа нэр төртэй хийж яваа олон Монгол бүсгүйчүүд бий. Эндээс л, энгийн ийм жишээнээс л улсын бодлого гэгчийг харж болно. Эрүүл мэндийн салбар дээр нь ч ялгаагүй. Нийгмийн болон хүмүүнлэгийн, сайн дурын ажлуудыг маш өндөр зохион байгуулалттай, системтэйгээр дэмжин иргэд нь үүргээ ухамсарлан идэвхтэй оролцдог. Маш хөдөлмөрч улс. Худалч хүнд унтаад босоод ирэхэд л нэг байшин барисан байдаг. Ялангуяа хотжилтын үйл явц сүүлийн арван жилд нүдэн дээр явагдаж маш их өөрчлөлтөд орж байна. Өөрчлөлт шинэчлэлийг хийж чаддаг, бүх хөгжил дэвшил нь нүдэн дээр явагдаж сүндэрлэж байгаа нь үнэхээр гайхамшигтай. Тийм ч учраас энэ газраас сурах зүйл маш их байна.
Солонгос улс бол Монголчуудад өгөөжөө өгсөн газар. Маш олон айлын хоолыг залгуулж байна. Монголын эдийн засагт тодорхой хэмжээний нэмэр үзүүлж байгаа. Монголд таван ам бүлтэй, нэг өрх тутмын нэг нь Солонгос руу гарсан судалгаа ч бий. Солонгост амьдарч байгаа Монгол хүүхдүүдийн боловсролд маш их хөрөнгө оруулалт хийж байна. Гэвч Монголчууд Солонгос руу хүүхдүүдээ гаргаж сургуульд сургах нэрээр визтэй болгож тэжээлгэж байгаад сэтгэл эмзэглэж явдаг. Чанартай мэргэжилтэн гарах боломж буурч байна. Сурахдаа цаг бага зарцуулж, амьжиргаа залгуулах үүрэгтэй оюутнууд элбэг болсон. Тэд харамсалтай. Хичээлээ хийх боломжгүй, ирцээ бүртгүүлэн виз сунгуулах зорилгоор л сурч байна. Түүнээс үүдээд Монгол залуучууд, охид бүсгүйчүүд бусармаг ажил хийх явдал цөөнгүй. Энэ бүхэнд сэтгэл эмзэглэж явдаг.
Мэдээж, энэ улс огт өөр ертөнц. Солонгост амьдарч үзэхэд, анх ирж байгаа хүмүүс маш их бэрхшээлийг туулна. Гэхдээ бид нүүдэлчдийн үр сад учраас дасан зохицоод, даван туулаад, хэзээний ДОГЬ амьдарсаар байна…
Энэ улс миний хоёр дахь эх орон.
ДЭМ ДЭМЭНДЭЭ
Би сайн дурын ажилдаа дуртай, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Солонгос Улс дахь салбар зөвлөлийн тэргүүнээр ажиллаад хоёр дахь хавартайгаа золгож байна. Миний эмээгийн, миний ээжийн үеийн намтар түүхтэй энэ холбоонд иргэний үүргээ гүйцэтгэн, хамтран зүтгэж байгаа минь нэр төрийн хэрэг. Зөв зүйтэй, нийгэмд өгөөжтэй, бодлогын ажлуудыг хэрэгжүүлж ажиллахсан гэж хичээж явна. Сайн дурын ажлыг заавал нэг холбоо байгууллагад хамааралтай байж хийдэг зүйл биш. Тусалъя, ажиллая гэсэн чин сэтгэл л чухал. Чадах чинээгээрээ Монголын нийгэмд тохиолдож байгаа асуудлуудад манай салбар зөвлөл тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулж байгаа гэж боддог.
МЭХ-ны БНСУ дахь Салбар зөвлөл нь тухайн улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, МЭХ-ны бодлого чиглэлийг тухайн улс оронд хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох, хамтран ажиллах, мэдээ мэдээллээр хангах, туслах чиг үүрэгтэй төлөөлөн ажиллах эрх бүхий байгууллага юм. Бид удирдах зөвлөлдөө одоогоор найман гишүүнтэй ажиллаж байгаа. Бид тухайн улс оронд МЭХ-г төлөөлөн, охид эмэгтэйчүүдийн үзэл бодол, нийгмийн байдал, сүсэг бишрэл, яс үндэс, хөрөнгө чинээ, албан тушаалыг үл харгалзан тэдний эрх ашиг, сонирхлыг илэрхийлэн хамгаалж, хөгжүүлэх, чадавхижуулахад тусалж дэмжин, тухайн улсын төр болон төрийн бус, шинжлэх ухааны болон бусад байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарч байна. Солонгос улсад ажиллаж амьдарч, сурч байгаа охид эмэгтэйчүүдэд нээлттэй, нийтлэг эрхийг нь хамгаалах, хүүхэд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн тохиолдолд холбогдох газар мэдээлэх, хуулийн байгууллагад хандахад нь туслах зорилготой. Эрүүл мэндийн өдөрлөгүүд, хотуудын дундах хөгжөөнт тэмцээн, нэвтрүүлгүүд, Монголоос ирж эмчлүүлж байгаа иргэдэд туслалцаа үзүүлдэг. Бидэнд хандсан хүн бүрд чадах чинээгээрээ хүрч ажиллахыг эрмэлзэж, нийгмийн шинж чанартай бүхий л асуудалд хувь хувьсгалын зүгээс туслахыг хичээдэг.
Судлах, хийж хэрэгжүүлэх ажил маш их байна. Эрх нь зөрчигдсөн олон эмэгтэйчүүдийн зовлонг нимгэлж, асуудлуудыг нь шийдэх тал дээр илүү ажил төлөвлөж байна. Хувиараа надаас зөвлөгөө авдаг хүмүүс олон бий. Зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй хүүхдийн асуудал давхар гарч ирдэг учраас сэтгэл судлаачдын үүргийг давхар гүйцэтгэдэг гэх үү дээ… Энэ талаараа ч мэргэжил дээшлүүлж байгаа. Ирээдүйд Монголчууд төвлөрсөн нийгмийн үйлчилгээг үзүүлдэг төв байгуулах зорилготой. Хэдийгээр монгол таун гэж байдаг хэдий ч тэнд зөвхөн бизнесийн үйл ажиллагаа л явуулах зориулалттай учраас монгол иргэд тулгамдсан асуудал шийдэл гарцаа хайх газар алга байна.
Нийгэмд гарч байгаа олон сөрөг зүйлсийг дагаж, намирч, ганхаж, гундах хэрэггүй. Аль ч улс орон, цаг үед хүний нийгэмд зүсэн зүйлийн зөрчил тэмцэл өрнөж байсан хэдий ч сайн талруугаа хөгжсөөр л ирсэн. Гэр бүлийн зөрчил, асуудлыг эмэгтэйчүүд маань илүү сайн тунгааж яаран дүгнэлт хийлгүй, эр хүнийг уучилж, зөөллөж, залруулж, асуудлыг шийдэж болох гарц луу тултал нь явж үзэж байж шийдвэр гаргадаг байгаасай гэж хүсдэг. Үнэхээр болохгүй зүйл бол тэгээд аяндаа цаг хугацааны эрхээр шийдэгддэг. Жишээ нь Солонгос улсад мөн л манай улстай адил гэр бүлийн олон зөрчил тэмцэл өрнөж, салалт гарсаар байгаа. Гэвч анзаараад байхад сэтгэл нь хэдийнээ хөрсөн боловч гэр бүлээ цуцлуулаагүй олон гэр бүлүүд хамтран амьдарсаар байна. Яагаад гэвэл тэд үр хүүхдээ өнчрүүлэхгүй, хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэгтээ хүлэгдэж бие биенээ тэвчин амьдарсаар байна. Хэдийгээр хоорондоо үл ойлголцол, зөрчил тэмцэлтэй байгаа хэдий ч тэд эцэг эх байх үүргээ ухамсарладаг. Тэр хүүхдийг нас биед хүртэл хүлээх үүрэгтээ үнэнч байсаар байна. Энэ нь тэдний хэн хэнээс нь тэсвэр тэвчээр шаардах хэдий ч, хамгийн чухал нь эх орныхоо төрийн бодлого, үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа юм шиг санагддаг.
Монголчууд бид бие биенээ дэмжиж, нэгдэж ажилламаар байна. Нэг үеэ бодвол солонгост ирж байгаа залуучууд их өөрчлөгдсөн. Нэн шинэ давлагаа үүссэн нь илт харагдаж эхэлсэн.
НАМАЙГ БАЗАРАА ГЭДЭГ…
Өнөөдөр ээжийгээ л яриад баймаар өдөр санж… Хэдийгээр өнөөдөр Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг Хамгаалах өдөр хэдий ч Монголчууд бид ээжийгээ, эмэгтэйчүүдийгээ баярлуулах өдөр болгон тэмдэглээд сурчхаж дээ. Буруу нь ч юу байхав.
Хүний нутагт олон жил амьдрах хүчийг ээж аавын тухай бодол, эх орноо санасан сэтгэл өгдөг юм шиг ээ. Эцэг эхийн нэрийг муугаар дуурсгахаас илүүтэй эх орныхоо нэрийг муухайгаар хэлүүлэхгүй байна гэдэг асар том хариуцлага. Ганцхан миний нэр гарахгүй. Миний эцэг эхийг мэдэхгүй ч гэлээ надаар дамжуулаад эх орны маань нэр гарах учраас алдаа гаргахгүйг хичээдэг. Хүний нутагт анх ирээд соёлын ялгаа, нийгмийн байдал, ганцаардал дунд, ажлын ачаалал, хоол хүнсний ялгаа гээд, амьдралын хэмнэл тэр чигээрээ өөрчлөгдөж, тэр бүхэнд зүдэрч явахад ээж л хамгийн түрүүнд бодогддог.
Сэтгэлдээ, ээжээ ааваа охин нь сайн яваа шүү, энэ бүгдийг даваад гарнаа гэж өөртэйгээ ярихад, нэг л мэдэхэд хэлснээр болсон байдаг. Аав ээжийн тухай бодол саад бэрхшээл бүрийг давах хүч тэнхээ өгдөг. Ер нь хүнийг эцэг эхийн хайр энэрэл үргэлж харж, дагаж явдаг байх аа. Манайх аав ээжээс есүүлээ. Аавын маань бидэнд, хүний сурсан эрдэм гэдэг хэзээ хаана ч чиний баялаг юм шүү… гэж захидагсан. Тийм утгаараа биднийг бүгдийг нь боловсролтой болгож амьдралын захаас атгуулсан.
Ээж хүн гэдэг мэдээж юутай ч зүйрлэшгүй агуу ертөнц. Ээжийн үг бүхэн захиас сургаал байдаг. Залуу байхдаа тэр бүрийг мэддэггүй өнгөрч ээ. Хүн өөрөө ээж болоод, ээжийнхээ зовлонг ойлгодог гэж үнэн. Ээжийн хайр гэдэг хязгааргүй. Үхтэл үр харам гэдэг шиг үхэн үхтлээ хайрлаж, бурхандаа очсон ч үр хүүхэд биднийгээ харж явдаг тэнгэр. Би хоёрхон хүүхэд өсгөхдөө л ээж минь яаж есөн хүүхэд төрүүлж өсгөсөн юм бол оо гэж одоо хэр нь гайхаж биширдэг. Ер нь дээр үеийн айлууд ихэнх нь олон хүүхэдтэй байсан. Олон хүүхэдтэй айлын зовлон жаргалыг манайх ч гэсэн адил тэнцүү л хүртэж явсан. Эгч нарынхаа хувцсыг дамжуулан өмсөж, дутуу хөтүү бүхнийг тэнцүүлж, хоосон ходоодгүй, мөр бүтэн гэдэс цатгалан өсгөсөн ээжийн ухааныг гайхаж бишрэх энүүхэнд. Оросруу эгч нар сургуульд явахад ээж хүргэж өгөөд ирэхдээ надад цоо шинэ дүрэмт хувцас авчирсан нь хэзээ ч санаанаас гардаггүй. Амьдралдаа бараг анх удаа цоо шинэ хувцас өмссөн байх, үнэхээр гоё байсан. Тэр үеийн Монголын амьдрал жигээрээ л ижил байсан үе дээ. Ээж маань хүнийг баярлуулах дуртай сонин хүн. Хүний сэтгэлд хүрч чаддаг нандин чадвартай, юмхнаар юм хийдэг амьдралын ухаантай, олон жил цэцэрлэгийн багш хийсэн болохоор яг л хүүхэд шиг. Даруухан, хүнд төвөг болох вий гэхээс үнэн голоосоо чармайдаг, эгэл, сайхан эмэгтэй байжээ. Үйлэнд уран, урлагийн авьяастай, сайхан дуулж, бүжиглэнэ. Мэндлэх, хүндлэх ёсыг дэндүү тод сургажээ, эргээд бодоход. Одоо ингээд л нутаг буцлаа гэж бодоход ээж минь амьд сэрүүн хүлээж байгаа юм шиг л санагддаг… Эх орон гэдэг бол ээж юм, ээжийн халуун дулаан энгэр юм…
Ингэж хэлээд тэр уртаар санаа алдав. Заримдаа, та зүгээр орхиж болдоггүй юм уу гээд хэлчихмээр, бусдын орооцолдсон утас шиг зовлонтой жаргалтай, асуудлуудын үзүүрээс хэдийнээ барьчихсан, туслах гээд, шийдэх гэж, зах хязгаарыг нь хайж, заримыг нь хайчилж жаахан биедээ ахадсан ачааг түүртэлгүй үүрч яваа СОНИН ЭМЭГТЭЙ.
Бүх эмэгтэйчүүд, ээж нартаа Мартын наймны мэнд хүргэе. Монголын гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээж, амьдралыг хайраар гэрэлтүүлж, бусдад жигүүр ургуулан, хорвоог зөөллөж яваарай гэж хүсэе.