-БНСУ-аас сэтгүүлч А.Навчаа Search төслийн хүрээнд бэлтгэв-
Шөнийн 04 цаг 00 минут. Сөүл хот. Ертөнц амьсгаа даран, сая нэг амсхийн хальт дуг хийх шиг нам гүм дунд сүйрлээс үлдсэн ганц хүн шиг сэлүүхэн гудмаар хөндлөн гулд алхахуй нуруугаар хүйт даах шиг…
Үүр шөнийн заагаар сүнснүүд сэрж, хэрэн тэнэдэг тухай хаанаас ч юм олж уншсантай холбоотой байх. Гэхдээ би шөнийн Сөүлд илүү дуртай. Тал нутгийн тэнгэрийн оддыг Хан мөрний усанд үйж, хаа сайгүй цацсан мэт нүд гялбам түм буман гэрлийн дунд энэ хот нууцлаг агаад ихэмсэг оршдог. Яг л энэ үеэр алс нутгийн, адилгүй соёл уламжлалын айзам хэмнэлийг илүү тод мэдрэх шиг.
Газар ус, агаар салхи, анхилам цэцэгс, нойрмог модод, зүрхний лугшилт, шувуудын үүрэглэлт, муурны үсрэлт, нохойн эвшээлт, загасны ядарсан нүд, хөнжилдөө үлдсэн хүүгийнхээ зүүдний үргэлжлэлийг ч сонсох мэт тийм эмзэг агаад хайртай бүхнээ санан гансарсан хэн нэгний санаа алдалт шиг хөндүүр авай…
Нэг сайн хүнийхээ сүүдрийг ч гишгэдэггүй үнэнч сүжиг, эхүүн кимчи, идэх юм хаядаггүй энэ улсын амьдрал дундаас нутаг нэгтнүүдийнхээ сэтгэлийг уудлан, хамаг амьдрал, хагацал учрал, жаргал зовлон, хүсэл мөрөөдөл, эх орныхоо тухай бид эцэс төгсгөлгүй хөөрөлдсөөр…
Эхний автобусны хаалга нээгдэхэд чийгтэй үсээ хажуу тийш толийтол самнаж, цав цагаан цамц, цагаан бээлийтэй гараар үрүүлээ тас атгасан, гар ариутгагчийн спиртны үнэр бүхээг дүүрэн сэнгэнэж, амны хаалтын цаанаас өглөөний мэндийг хүргэх хижээл насны жолооч эр танил дасал болжээ. Шөнийн ээлжийн ажилчид өглөөний төрийн дууллаар сая нэг сэхээ авч хөдөлгөөн нь саарч, ам амандаа гингэнэнэ.
Монгол хүн төрийн дууллыг нь дагаад аялахад хачин дуртай. Алга ташин хөөрцөглөнө. Адгуу зан, аяга будаа, сүржигнүүр байдал, сүйдтэй биш ч уулгамч дуу алдалт, хоолоо идсэн үү гэх хачин мэндчилгээ, нэг сайн хүнийхээ сүүдрийг ч гишгэдэггүй үнэнч сүжиг, эхүүн кимчи, идэх юм хаядаггүй энэ улсын амьдрал дундаас нутаг нэгтнүүдийнхээ сэтгэлийг уудлан, хамаг амьдрал, хагацал учрал, жаргал зовлон, хүсэл мөрөөдөл, эх орныхоо тухай бид эцэс төгсгөлгүй хөөрөлдсөөр…
ТАНЬДАГГҮЙ ТАНИЛ
“Guys” хамтлагийн “Зун орсон цас” мюзиклд тоглож байх үед хүүхдээрээ байж дээ… гээд тэр инээв. Би ч бас Солонгост ирээд удаагүй байхдаа анх түүнийг тэр клипээр нь таньж билээ.
Ойр дотнынхон маань намайг хүүхэд байхдаа маш хөдөлгөөнтэй, сэргэлэн охин байсан гэж ярьдаг. Багаасаа л дуу хөгжимд дуртай. Ээж маань тэр үед “Залуучууд” зочид буудлын ресторанд ажилладаг байлаа. Ээжийн ажил дээр нэг буландаа жижигхэн тайзтай, ажлынхан нь намайг өхөөрдөөд Энэтхэг бүжиг бүжиглүүлнэ. Би ч өөрөө дуртай. Аавын дүү нар намайг урлагийн хүн болно гэж ярьцгаадаг байсан.
Ээж волейбол тоглодог болохоор нуруулаг. Би ээжийнхээ талыг дууриагаад гайгүй урт мөчтэй болсон юм шиг ээ. Харин аав маань тухайн үеийнхээ “ЗАЛУУС” гэж хамтлагийн бөмбөрчин байсан. Хөгжим сайхан тоглоно, бас ая зохионо. Манайх цөөнгүй хөгжмийн зэмсгүүдтэй байсан нь миний багаасаа урлагтай холбогдох нэг шалтгаан болсон байх.
Гэхдээ би бүжигчин, тэр дундаа Балетчин болно гэсэн төсөөлөл байгаагүй. Хөгжим бүжигт шалгуулаад бүжгийн ангид хуваарилагдсан. Хамгийн анхны багш маань Ардын жүжигчин, Зууны манлай Ю.Оюун багшийн шавь болон орж байснаараа маш их бахархдаг. Бид гучаад хүүхэд орж, төгсөхдөө найм есүүлээ төгссөн.
Балетчин хүн багаасаа л хатуу дүрмийн дагуу амьдарч эхэлдэг. Цав цагаан өмсгөл, цагаан оймс, цагаан шишк өмсөнө. Хиртэй байж болохгүй. Түүнийгээ цэвэрлэж арчилж тордохоос эхлээд өөрсдөө л бүгдийг хийхийг зааж сургана. Багш маань шаардлага өндөртэй хүн байсан. Ю. Оюун багшийн дараагаар Н. Энхтуяа багш анги дааж авсан. Эхний нэг жил бол зөв зогсож сурахад суралцдаг.
Маш өндөр сахилга баттай, үсээ ч хүссэнээрээ засуулж хайчилж болохгүй, эрэгтэй хүнтэй хамаагүй харьцах эрхгүй, ер нь цэргийн диктатур маягийн сургалттай гэх үү дээ. Хичээл орохоос өмнө анги танхим, заалаа өөрсдөө цэвэрлэнэ. Тэр үед хулдаасгүй, модон шалтай болохоор шишка амархан цоорно, тэрийгээ нөхөж оёхоос эхлээд бүх зүйлд бие даалган хүмүүжүүлжээ. Залхмаар, шантармаар үе бишгүй л байсан.
Чадахгүй мэдэхгүй ч юм байхгүй, юм болгонд л би, би гэж асаж дүрэлзсэн, галзуу охин байжээ. \инээв\ Одоо ээж болоод их даруухан болсон. Ямар сайндаа багш маань галзуу занг нь дарж байхгүй бол хэтэрчихвэл барьж авч чадахгүй байх гэж ярьдаг байсан. Тэр нь их санаанд орно. Миний тэр хөдөлгөөнтэй занг багш нар маань сайн дарж өгч дээ. Тэр тулдаа би их өөрчлөгдсөн гэж боддог. Ер нь л би нээх хүнээс айдаггүй.
Хэлье гэснээ шууд хэлчихдэг, таалагдахгүй байгаагаа шууд илэрхийлчихдэг. Хийе гэвэл хийнэ, үгүй гэвэл үгүй тийм л зантай. Одоо бол харин хүнийг гомдоочих бий гээд наанатай цаанатай хардаг болсон. Гэхдээ л ил цагаан хэлээд ад болж байсан удаа олон бий. Хамт ажилладаг байсан хүмүүс маань ч мэддэг.
Нэгдүгээр курсийн оюутан байхдаа 2004 онд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт анх ажилд орсон. Дадлагажигч бүжигчин гэдэг утгаараа анх таван мянган төгрөгийн цалин аваад, гэртээ бага ч гэсэн нэмэр болж хоол хүнс авч байсан үе маань сайхан санагддаг. Оюутан байсныг хэлэх үү. Монголын Дуурийн театраас асар их зүйл сурсан. Тэр тулдаа одоо энд барьц алдахгүй нэр хугалахгүй яваа гэж боддог. Ер нь Солонгост байгаа Монгол балетчид маань их амжилттай яваа. Одоогоор дөрвөн эрэгтэй бүжигчин нэг эмэгтэй бий. Солонгост балетын таван том компани байдаг.
Хамгийн том нь National буюу улсын театр нь. Хоёр дахь нь манай Univеrsal ballet компани. Хамгийн өрсөлдөөнтэй нь энэ хоёр гэж ойлгож болно. Нөхөрт маань ажлын санал ирснээр бид Солонгост гэр бүлээрээ амьдарч байна. Энэ ажилд ороход АНУ-д ажиллаж амьдардаг Монголын “Балетын домог” У.Бат-эрдэнэ ах маань маш их тусалсан. Миний ханийг О. Ганцоож гэдэг. “Universal Ballet”-Company-н Гоцлол Бүжигчин. Манайх хоёр хүүхэдтэй. Солонгост амьдардаг энгийн нэгэн Монгол айл.
Эмэгтэй балетчин гаднын компанид ажилд орох хэцүү. Яагаад гэвэл олон чадварлаг балетчидтай. Эрэгтэй бүжигчин харьцангуй ховор. Үнэнийг хэлэхэд Солонгост ирээд театрт орно гэдэг холын мөрөөдөл байсан. Хар ажил хийгээд ч болтугай гэр бүлээрээ байх нь л чухал байлаа. Энд амьдардаг Д. Одмаа гээд балетчин эгч намайг дэмжиж, тусалсаны хүчинд өөрийгөө сорьж үзсэн.
Тэгээд шалгаруулалтад тэнцэж нөхөр маань ажлынхандаа хэлж бид гэр бүлээрээ бүжигчин гэдгээ ойлгуулснаар энэ компанид ажиллах боломж олдсон. Солонгос нийгмийн хариуцлага өндөртэй улс. Бүжигчнийхээ ар гэрийн нөхцөл байдлыг харж үзсэн гэдэг утгаараа эхлээд дагалдан бүжигчин болж, таван сарын дараа үндсэн бүжигчний болзол хангасан. Тэр хооронд өөрийгөө бэлдэх, юу чаддаг мэддэг, илүү зүйлээ харуулах хариуцлагатай үе байсан.
\Хуруугаа хөдөлгөн, хонин бор нүдээ гурвалжлан, дуржигнатал ярих энэ туяхан бүсгүйн хаанаас нь гарав гэмээр эршүүд хоолойтойг гайхаж суулаа…\ Түүнийг Мөнхболдын Мөнхтуяа гэдэг. БНСУ-ын UNIVERSAL BALLET Company -ны БҮЖИГЧИН.
ТЕАТРТАЙ ШОРОН
Солонгос улс урлагаа сайн дэмждэг. Ярих юмгүй. Тэр хэрээрээ нийгэмдээ нөлөөлж төсөв бүрдүүлж эргэлтэд оруулж байдаг. Манай Universal ballet нь дотроо үндсэн гурван багтай. Балетын баг, багш захиргааны баг, менежментийн гээд хамгийн олон ажилтантай маш том баг. Олон ч спонсор байгууллагуудтай. Бүжигчид тухайн байгууллагын нүүр царай болон гэрээ хийдэг. Давхар тэр бүжигчний карьер ч өснө, өөрсдөө ч тиймэрхүү зүйлд орох сонирхолтой. Балетын бүжигчид нь инстаграмын олон дагагчидтай, ихэвчлэн гоо сайхны бараа сурталчлуулах нь элбэг.
Манайх Оросын “Большой театр” -т тоглогдож байгаа тоглолтуудыг албан ёсоор Солонгост тоглодгоороо бусад театруудаасаа онцлог. Цаг наргүй ажиллах нь цалинтай шууд холбоотой. Та цалингаа авмаар байвал сайн ажилла гэсэн дүрэм үйлчилнэ. Бэлтгэл, тоглолтын үеэр гэмтэл, бэртэл авбал зардлыг байгууллага бүрэн хариуцна. Universal ballet театр зохиогчийн эрхийн дагуу дэлхийд өрсөлдөхүйц балетууд тоглодог. Ковидын улмаас дэлхий даяараа л урлагийнхан гацалтын байдалтай байх шиг байна. Төлөвлөгөөт олон тоглолтууд хойшлогдож, байгууллагын хүний нөөц, санхүүгийн асуудлууд ч яригдаж эхэлсэн.
Манай театр энэ жил тал бүжигчдээ халсан. Наяад бүжигчинтэй байсан, одоо тавиад бүжигчин үндсэндээ ажиллаж байна. Орос, Хятад, Япон, Монгол, Англи, Швед, Швейцар гэх мэт орны бүжигчид, энэ жил гадаад бүжигчид цөөхөн байгаа. Короногоос болоод цомхтгол хийхэд намайг үлдсэнд олон Солонгос бүжигчид эгдүүцсэн. Дарамт, өрсөлдөөн ихтэй л дээ. Анх Солонгос хэл мэддэг ч гэсэн мэдэхгүй юм шиг царай гаргаж байгаарай гэж хүмүүс захидаг байсан. Би ихэвчлэн англиар харилцдаг. Хоёр хүүхэдтэй, хөгшин байж яагаад энд үлдэв? гэх дэл сул яриа гарсан.
Ажлынхаа стрессыг нөхөртөө л их гаргана. Асуудал бүрийг аль болох хөнгөхөн шиг шийдэж, бие биенээ сайн дэмжихийг хичээдэг. Бэлтгэлийн дөрөв таван заалтай. Хэдийгээр өглөө нэг хаалгаар ордог ч тус тусдаа л өдрийг өнгөрүүлдэг. Тоглолтын өмнө л нөхөртөйгээ таардаг.
Таарах үедээ хоёр биендээ – Заа алаад өгөөрэй гээд л зөрнө… Долоо хоногийн зургаан өдөр ажиллана. Ганц амралтын өдрийг аль болох хүүхдүүддээ зориулахыг хичээдэг. Манай хүүхдүүд ч бараг ийм хэмнэлд дасчихсан гэхээсээ илүү маш сайн ойлгодог болж байна.
Нэг тоглолт ганцхан энэ театртаа тоглогдохгүй, долоон удаа долоон өөр хотын тайзан дээр тоглогдоно. 1000-1500-н үзэгчийн суудалтай том театруудад очиж тоглодог. Солонгосын бүх томоохон хотууд, бүр шорон нь хүртэл театртай. Цэргийн ангиуд нь манай дуурийн театртай адилхан 500 хүний суудал бүхий театртай. Нэг удаа бид долоо хоногийн аялан тоглолтод гарахын өмнө сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байхыг сануулсан.
Цэргийн ангиуд болон шоронд очиж тоглох болсон тухай. Цэргийн ангиудад дарга нь л алга ташвал цэргүүд дагаж ташна, үгүй бол үгүй. Хоёр гурван шоронд очиж тоглоход нэг нь бүр хүнд гэмт хэрэгтэй тасаг байсан. Тэр хүмүүсийг бодлогоор, улс нь урлагаар хүмүүжүүлж байна. Тэд уйлж байсан. Олон Улсын шоронд орон орны бүжгийг үндэснийх нь хувцастай бүжиглэхэд хоригдлууд эх орныхоо үндэсний хувцас, тэр аяыг сонсоод сонин эвгүй болж байгаа нь мэдрэгдэж байсан.
Бид хоёр хоёулаа гунигтай болов, ар араасаа санаа алдаад… Зүйрлэх харьцуулахын аргагүй орчин нөхцөлийн тухай бид атаархангуй бас харуусангуй ярилцсаар… Эх орондоо би эрхэлж амьдардаг. Харин хүний нутагт бол бид хойд эцэг эхийн хүүхдүүд.
БАЛЕТ ХАРГИС гэж ҮНЭН ҮҮ?
Тэр олон үйл хөдлөл, жүжиглэлтийг нүдээрээ, гар хөл, биеэрээ ойлгуулдаг учраас олон зүйлс толгойд нэгэн зэрэг ажиллаж, тархи маш их ачаалалтай байдаг. Балет ухааны урлаг гэж багшийн заасан үнэн. Бүгдийг өөрийн болгон амилуулж гаргана гэдэг хэцүү. Тухайн бүжигчнээс нэлээн ухаан, авхаалж шаардана. Би нөхрөөсөө харахад тэр дүрдээ орохын тулд, Жишээ нь: Спартакын дүрийг гаргахын тулд номыг нь уншина, судалгаа хийнэ, кинонуудыг нь үзэж, олон цагийг зарцуулдаг. Зүгээр л нэг хэдэн цээжилсэн хөдөлгөөнөө нүүрээ будаад, гоё хувцас өмсөөд тайзан дээр хийдэг зүйл биш. Масс бүжигчдийн хувьд тиймэрхүү зүйл байж болох боловч дүр авсан хүний хувьд байх боломжгүй.
Солонгосын бүжигчдийг анзаараад байхад гучин долоон наснаас хойш жирэмсэлж хувийн амьдралтайгаа зууралддаг. Солонгост хүүхэд гаргасан балетчин гэж байхгүй. Балет, биеийг багаас нь цэвэр байгалиар нь байлгах шаардлагатай байдаг. Хүүхэд гаргасан эмэгтэйн бие тодорхой хэмжээнд их бага гэлтгүй өөрчлөлт орно.
Хавирга тэлнэ, бүдүүрнэ, арьс унжина гэх мэт. Тийм учраас анх олж авсан тэр гоо үзэмжит биеэрээ энэ карьераа дуустал явж, бүх зүйл дууссаны дараа хүүхэд гаргах боломжтой болдог гэх үү дээ. Балет залуу насны урлаг. Одоо би таван жил бүжиглээд л болино. Монголд балетын бүжигчин хорин жил ажиллаад тэтгэвэрт гардаг. Биений урлагийнхан, циркийнхэн ч бас идэвхтэй хорин жил л ажилладаг.
Солонгост анх ирээд дасан зохицохоос эхлээд бишгүй зүйлийг туулсан. Бэртэл гэмтэл авч олон сар ажлаа хийж чадахгүй байдалд ч орж байсан. Шалгалт өгөөд шалгуулахад намайг бүдүүн байна гэсэн. Монголд байхаасаа би одоо нэлээн турсан. Туршиж үзээгүй хоолны дэглэм гэж байхгүй. Энэ бүхний эцэст үс маш ихээр унаж, шүд хэврэгшин, харшлын шинж тэмдгүүд илэрч, ходоод маш их өвддөг болсон. Стрэсст орсноос болоод. Хүн хархад хэчнээн хэвийн сайхан харагдаж байгаа боловч түүнийгээ маш сайн нуух хэрэгтэй болдог. Зөвхөн би биш ер нь балетчид түүнийгээ сайн нууж чаддаг. Ялангуяа миний орчин нөхцөл, цаг үеийн хувьд өвдөж, ШАНТРАХ ЭРХ алга. Нэг л шалтаг шалтгаан тоочвол байр сууриа алдах, энэ бүгдийг орхиход хүрнэ.
Короногоос болоод удаан тайзан дээр гарсангүй. Одоо харин хаврын тоглолтын нээлт эхэлсэн. Удахгүй аялан тоглолтоор явах гэж байна. Жоохон айдас байна. Монголд байхдаа долоо хоног бүр гардаг байсан болохоор ямар ч айдасгүй, дасчихсан. Энд олон сараар бэлтгэл хийж, хийж нэг гарна. Арван хэдэн тоглолт дараалж тоглодог болохоор эхний өдрүүдэд түгшүүртэй байдаг. Тэгээд нэг сайхан гүнзгий амьсгаа аваад л гарна даа…
Гол дүрийн бүжигчдийн хувьд тоглолт, тэмцээн шиг өрнөдөг. Тоглолт бүр өөр өөр уур амьсгалтай, балетибдлөбошүүмжлэгчид ирж үзнэ. Солонгост балетын шүүмжлэгчид олон байдаг. Манай Монголд балетын шүүмжлэгч их хэрэгтэй санагддаг.
У.Бат-эрдэнэ ахын хувьд шүүмжлээд байгаатай нь санал нийлдэг. Тэр болгоныг өөрчлөх, санаа авах зүйлс бишгүй байгаа. Манайд байгаа тэр системийг солих хэрэгтэй юм шиг санагддаг. Хэтэрхий хоцрогдсон, аль тэр дөч тавин жилийн өмнөх дүрэм журмаараа явсаар байгаад гацчихсан. “Хунт нуур”- ын тайзыг л хар. Анх ямар тайзтай байсан одоо хэр нь тэр тайзтайгаа л байна.
Аль ч урлагт хөрөнгө мөнгө шаардагдаж байж л хөгжинө. Гадаадад урлагаараа ажиллаж байгаа хүмүүс илүү гоё амьдрах гээд хичээж байгаа нь үнэн. Яагаад гэвэл Монголд яг одоо ямар байгаа билээ? гэдэг бодол эрхгүй төрдөг. Монголын балет ийн нэг эмгэнэлтэй зүйлийг үнэн бодитоор нь хэлэхэд балетчин байж байгаад больсон, манай ахмадууд юу хийж яаж амьдарч билээ? Орох орон байна уу? Дээр үед улсаас өгсөн цөөхөн хэдхэн бүжигчин л байртай.
Үсрээд багшилна. Ямар ч хөгжилгүй, гацчихсан, нийгмийн асуудал нь царцчихсан. Цалин, хангамж гэж авах юмгүй. Бүжигчдийн цалин үнэхээр өрөвдмөөр. Тийм цалингаар яаж амьдрах вэ? Яаж тэр мөнгөөр хэзээ байр авах вэ? Үр хүүхдээ яаж тэжээх вэ? Тэдэндээ юу өвлүүлэх вэ? Ийм хэцүү нөхцөлд урлагаа хөгжүүлэх ямар ч боломж алга. Хэцүү санагддаг…
БИ ХОРОЛМААДАА ХАЙРТАЙ
Одоогоор өөрийнхөө яг бодож, хайрлаж мөрөөдөж явдаг дүрдээ тоглож амжаагүй л явна. Би Монголд байхдаа маш залхуу байжээ. Надад бурхнаас заяасан өгөгдөл нь байна. Тэгсэн хэрнэ өөрийгөө хөгжүүлэх тал дээр учир дутагдалтай байжээ гэж одоо боддог. Бүжигчин болгоны хүсдэг “Хунт нуур”-ын хар, цагаан хунд тоглохсон гэж хүсдэг. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд дурлаж хийсэн Үндэснийхээ балетын Хоролмаагийн дүрдээ илүү хайртай. Хоролмаа хэдийгээр эсрэг дүр хэдий ч цаанаа ихээхэн өөр сэтгэл явж байдаг.
Тэр дүр маань гоё. Бас Жизелийн Мирта.\Сүнсний хатан хаан\ Энэ дүрүүддээ хайртай. Бүжигчнээс техник шаарддаг. Хэцүү балет. Би ер нь цойлсон үсрэлттэй хүн биш. Гэхдээ яахав хэмжээндээ бол хийнэ. Хүмүүс намайг бүжгээ дотроосоо их гоё гаргаж чаддаг гэж урам өгдөг. Хүн тэгээд гадаадад гараад, өөр орчинд ажиллаж амьдраад ирэхээр эрхгүй өөрчлөгддөг юм байна. Монголд байхдаа ядаж англи хэлийг сайн сурахгүй яав даа гэх мэт харамсах зүйлс бишгүй л байна.
Балет бол хүн өөрийнхөө амьдралыг зуун хувь золиосолдог урлаг. Балетчид амьдралын бүх л хүнд хэцүү сорилтод бэлтгэгдсэн тэсвэр тэвчээртэй хүмүүс. Балетчин гэдэг чинь “Бүжгийн жүжигчин” гэсэн үг гэж Ардын Жүжигчин, Төрийн шагналт Б. Жамьяндагва гуай хэлдэг байсан.
Бүжгийг бүжиглээд тэнд жүжиглэж байна гэдэг утгаараа. Монголын бүжигчид жүжиглэх тал дээр маш сайн гэдэг нь харагддаг. Тэр талаараа илүү суралцсан байдаг. Эдний бүжигчид их мөлгөр. Багш нар нь мянга хэлээд байхад л гаргаж чаддаггүй. Тайзан дээр нэг цэцэг унасан байсан ч бид жүжиглээд, аваад хоорондоо харьцаад явчихдаг.
Харин энд гол дүр нь ч тэр тэнд нэг юм унасан тохиолдолд таг хараад, хөдөлдөггүй. Би хөдлөх эрхгүй ч очоод эвтэйхэн аваад гарчихдаг. Багш дараа нь чамд ёстой их баярлалаа чи байгаагүй бол яана аа гэх мэт яриа үүсдэг. Зүгээр л нэг ийм энгийн зүйлээс ч харагддаг. Хэтэрхий баригдмал байгаа нь учир дутагдалтай санагддаг. Зориггүй. Алдаа болно гэж эмээдэг. Дуурийн театртаа арваад жил ажилласны маань үр дүн энд харагдаж ялгарч чаддагт баярладаг. Театртаа сайн муу бүхэнд нь оролцож, туслах дүр, гол дүр гээд энэ бүгдээс авсан туршлага маань давуу тал болдог. Энэ тал дээрээ эдний бүжигчдийн дэргэд бардам байж чаддаг.
Балетын хамгийн сайхан зүйл нь тайзан дээрээ гараад, тэр сайхан сонгодог хөгжим сонсоод, гоё хувцас өмсөөд үзэгчид чаддаг мэддэг зүйлсээ үзүүлж тэднийг мэдэрч бүжиглэнэ гэдэг юутай ч зүйрлүүлшгүй сайхан мэдрэмж. Үзэгчдэд таашаал төрүүлж чадах л хамгийн чухал.
Мэдээж хамгийн хэцүү нь бэртэлтэй, сайн эдгэж амжаагүй үед тайзан дээр гарах. Зөв харж инээж буруу харж уйлна гэгч л болдог. Тэр л хамгийн аймшигтай. Миний харж байгаагаар урлагийн аль ч төрөл зүйлтэй холбогдсон хүн түүнээсээ тийм хурдан салж, холдож, гарч чаддаггүй байх. Үнэхээр өөрөө хүсээгүй байдлаар мэргэжлийн диплом олоод авчихсан хүмүүс л үүнийг амархан хаяж чадна.
Бүжигчин болоогүй бол санхүү эдийн засаг, бизнесийн чиглэлийн эмэгтэй болох байсан байх. Тэр талруугаа сонирхолтой. Монголд байхдаа их ерөнхий мөрөөдөлтэй байжээ. Энд ирснээс хойш мөрөөдөл хүртэл өөрчлөгдсөн. Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан, бүжигчдээ дэмжсэн тийм театртай болохсон гэж мөрөөддөг. Түүнийхээ дагуу дараа жилээс сурч эхэлнэ. Өөрийгөө хөгжүүлэх, ахин шинээр нээх, багшийн талаасаа ч судалгааны ажил хийх гэх мэт сурах судлах зүйл ч зөндөө байна. Хүмүүс хурдан Монголдоо ирэхгүй юм уу гэдэг. Угаасаа л миний эх орон учраас заавал очно. Гэхдээ эх орондоо хэрэгтэй зүйл хийж бүтээхийн тулд энд суралцаж суурь баазаа бүрдүүлж, илүү чадварлаг болох хэрэгтэй байна.
Балет надад асар их үнэ цэнэтэй. Үр хүүхэд хойч үе маань ирээдүйд надаар бахархана гэдэг л ХАМГИЙН ТОМ ХҮНДЛЭЛ.
Бага багаар өөрийгөө харуулаад явж л байна даа. Хэдхэн жилийн дараа балетаа орхиод багшилна… хийж бүтээх зүйл зөндөө. Солонгос дахь мянга мянган Монголчуудын хүсэл биелэн нутаг буцаж, эх орондоо ихийг хийж бүтээх цаг тун удахгүй биз ээ…