Сэтгэл урлаач

Сөүлийн бүгчим агаарт салхи хүсэмжлэн гудамж ороохуй, золбин муурын хийсэн ажил бололтой хоолны хогийн ногоон уутыг цуу татаад хаячхаж,  энэ хавиар нэг “цөмийн бөмбөг” тэсэрсэн мэт… Элдэв хоолны үлдэгдэл, лууван, будаа, шар буурцаг, гоймон, пүнтүүз, тахианы мөч… юм юм л үзэгдэнэ. Цааш нь харж зүрхэлсэнгүй.  Бас болоогүй хаанаас гардгийг нь үл мэдэх бохирын гэмээр эхүүн, угжирсан үнэртэй нийлэн шинэхэн бөөлжис шиг гашуун агаад нясуун үнэр энэ хавиар нэг “франц духи” шиг хамар сэтлэх нь … Огьж орхив.

Бас л заваан улс шүү гэх бодол сумнаас хурдан шунгинахтай зэрэгцэн таеквондогийн өмсгөлтэй бяцхан хүү урдуур харайлган метроны буудал руу жирийлгэв. GS25-ын “надад сайн” худалдагч ах гадаах шилэн хаалга, хана туургаа шил арчигч шүршин нямбайлан арчих зууртаа холоос намайг танив бололтой, алчууртай гараараа даллав.

Сайн байна уу? гэж уламжлал ёсоор хагас мэхийхэд талимаарсан нүдээ онийлгон тас ширтэнгээ өнөөдөр ямар хүнтэй уулзах вэ? гэж үгэнд дурлаад амжив. Монгол хүн үү? Солонгос хүн үү?

Монгол хүн, залуухан эмэгтэй… гэхэд  – Хөөрхөн үү? гэв. Хөөрхөн, манай Монгол хүүхнүүд бүгд хөөрхөн гэж чадан ядан эвлүүлэн хэлэхэд, инээгээд бас чам шиг зоригтой юу? Би мөрөө хавчив.  Тэр асуултад бантсан байх. Монгол хүүхнүүд бүгд зоригтой гэж хариулдаг байж ээ…

Үл мэдэх, тааварлахын аргагүй олон шинэ танилууд минь намайг өөр өөрийн гараг ертөнцөөр аялуулж, туулсан зам, ирсэн зорилго үлдсэн амьдрал, үнэн худал…  Ерөөс ертөнцийг таньсан, ухаарсан, зол баяр,  зовлон гуниг бүхнээ эгээ л эцэг ламтанд наманчлах мэт үнэн голоосоо уудлах ажээ. Бодолд дараатай, амьдралыг хайрласан өдрүүд, тэдэнтэй хамт орон зайн галт тэргэнд сууж, хаа хүрэх нь үл мэдэх урт холын аялал үргэлжилсээр л…

Эглээс эгэл, энгийнээс энгийн, чимээгүйхэн амьдарч, дуугүйхэн зүтгэж яваа энэ хүмүүс миний БААТРУУД.

SUGAR WOMAN

Намайг Чимэдцэеэгийн Буяндэлгэр гэдэг. 1992 онд төрсөн. Одоо 29 настай. Улаанбаатар хотын уугуул. Нийслэлийн 16-р сургуулийг төгсөж, Сэтгэл судлаач мэргэжлээр Боловсролын их сургуулийг дүүргэсэн. Монголд байхдаа Сэтгэцийн эрүүл мэндийн төвд ажилладаг байлаа.

Би анх Солонгост мөнгө олох гэж ирсэн. Найз залуу маань хүндээр өвдсөн учраас сэтгэлээр маш их унаж, миний хийж чадах ганц зүйл энэ байсан болохоор зориглоод л наашаа зүтгэчихсэн. Солонгост ирсэн эмэгтэйчүүдийн жишгээр хийж үзээгүй ажил гэж байхгүй. Анхны өдрүүдэд бараг л гудманд хонох дөхсөн. Хүний нутаг гэдэг, хүнийх л юм билээ. Сэтгэл дагаад ч тэр үү бүх зүйл болж бүтэхгүй байгаа юм шиг санагдаад. Ирсэн зорилгоо сайн бодоод, сэтгэлээ чангалж, сахилга баттай л байхгүй бол буруу замаар будаа тээхэд амархан юм билээ. Зар аваад, байр хоол цаанаасаа гэсэн ажлууд руу зөндөө очсон. Хүн битгий хэл нохой ч амьдрахын эцэсгүй оромжтой, муу эзэнтэй газрууд цөөнгүй юм билээ. Зарим үед “хаалт” өгөөд ажилд очно. \Хаалт гэдэг нь Монгол хүн, Монгол хүнээ ажилд оруулахдаа зуучлалын хөлс буюу 100.000-200.000 вон авахыг хаалт гэнэ. Ихэвчлэн олон жил Солонгост амьдарсан, эсвэл хэл сайтай, хялбар аргаар мөнгө олох сонирхолтой, нутаг нэгтнээ гамгүй шулдаг, муу хүмүүсийн хийдэг ажил гэж ойлгож болно\ Өөрт байсан бүх мөнгөө шавхаад очиход хэлсэн ярьснаас нь тас эсрэгээрээ орчин нөхцөл угтана. Ингээд мөнгөө алдаж, Солонгосчуудад дээрэлхүүлэх нь бишгүй. Одоо хэр нь Солонгост амьдардаг Монголчуудын дунд ийм зүйл байсаар л…

Хөдөө контейнерт амьдарч, машин угаалгын газар, хэвлэлийн үйлдвэр гэх мэт янз бүрийн ажлыг чин сэтгэлээсээ хийж, тухайн газрынхаа эзэнд багагүй үнэлэгдэж, тэд өөр боломжийн ажил санал болгож явсаар хоёр жилийн өмнө хоолны газарт зөөгчийн ажилд орсон. Тэр ажил маань өдрийн хоёр цагаас шөнийн хоёр цаг хүртэл. Нэг удаа интернэт ухаж байгаад санамсаргүй байдлаар талх чихэр, нарийн боовны сургууль элсэлт авч байгаа тухай зар олж харав. Би хэлний асуудалтай байсан болохоор намайг авах болов уу? Яах бол? гэсэн айдастай, нэг л итгэлгүйхэн очиж уулзахад захирал нь маш сайн хүн байж таарсан. Чи надтай ингэж ярилцаж ойлголцож байгаа юм чинь чамд сурахад ямар ч асуудал байхгүй, сурах чин хүсэл чинь л хамгийн чухал гээд сургуульдаа элсүүлэн авлаа. Ингээд би оюутан болов.

Өглөө 10-13 цагийн хооронд хичээл, 14 цагаас ажилдаа явна. Ийм маршрутаар амьдарч байтал, зургаан сарын дараа багш тэмцээнд орох санал тавилаа. Ингээд нэг сарын турш бэлтгэж, бүтээгдэхүүний загвар гаргахаас эхлээд бүх зүйл төлөвлөгөөний дагуу явсаар тэмцээний өглөөтэй золгов. “2021 Сөүл хотын олон улсын хоол, ширээ засалтын 18 дахь удаагийн тэмцээн”-д  56 сургуулийн 1100 гаруй оюутан 8 төрөлд өрсөлдөж, “Kims Best Professional Baking Academy”  сургуулиасаа би талх нарийн боовны ганцаарчилсан төрөлд,  “Хуримын бялуу” төрлөөр оролцож, бялуугаа сүүлийн үеийн трэнд болсон “Sugar Art”-аар урлав.

Яг тэмцээний үеийн үйл явц гэвэл бялуун дээрээ сарын турш бэлдсэн чимэглэлээ хийж, хатгаж гоёод тайзан дээр байршуулна. Бусад төрлүүдийн шалгаруулалтууд явж байх хооронд  тэмцээний явцыг сонирхоод хүлээж байсан. Миний хийсэн чимэглэл ойролцоогоор 3-4 жил хадгалах боломжтой. Яг чихэр гэсэн үг. Тэмцээний гол шалгуур нь уран нарийн хийц. Цэцэг гэж бодоход яг л жинхэнэ цэцэг шиг нимгэн дэлбээтэй, бодит, амьд юм шиг харагдаж чадвал өндөр оноо авна.

Манай ангилалд шоколадны төрөл орсон байсан. Хамгийн хүчтэй өрсөлдөгч гэвэл шоколадаар ордон барьж, хүрхрээ урсгасан бүтээл байсан. Би түүнийг л Гран при авах байх гэж бодсон боловч  тэмцээний дүн гарах үеэр нөгөө шоколадан ордон хугараад уначихсан. Хүндийн жинг нь тааруулж чадаагүй байсан бололтой хасагдсан.  Сүүлд сонсоход гуравдугаар байранд орсон гэнэ лээ… Бусад бялуунууд жижгэвтэр, гэхдээ хийц сайтай байсан. Минийх хамгийн өндөр нь,  чимэглэл сайтай, бас хос хүн урласнаараа давуу байсан болов уу.  Одоо тэр бялуу маань сургууль дээр шилэн хоргонд үзэсгэлэн болж, захирал миний нэр, зурагтай байршуулсан. Түүнийг хараад маш их баярласан. Та намайг явсан хойно үүнийг харж дурсаж байгаарай гэхэд тэр тэгэлгүй яах вэ гээд чин сэтгэлээсээ инээмсэглэж байсан.

ХУВЬСАЛ

Би заримдаа өөрийгөө гайхдаг. Юм юм сонирхож, сонирхол татсан зүйлээ туршиж үзэхээс нааш санаа амардаггүй энэ зангаасаа хааяа эмээдэг. Гэхдээ бидний амьдарч байгаа энэ цаг үед дэлхий нийтээрээ залуус өөрийгөө сорьж, туршиж, азаа үзэж амжилтад хүрч, өөрийгөө шинээр нээж, таньж  байгаа юм болов уу гэж боддог. Тал бүрийн авьяас чадвартай хүмүүс илүү өрсөлдөж, хувьсаж, хувирч чаддаг байх.

Саяхан би өөрийгөө сорьсон хоёр дахь оролдлогыг хийж, Солонгосын фэйшн шоунд оролцсон. Найз маань загвар өмсдөг, Солонгос улсын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний хоёрдугаар байранд орсон. Би тэр найзынхаа нүүр будалт үсийг янзлах арын албыг гүйцэтгэсэн гэх үү дээ… Найзыгаа дагаж явсаар багагүй ойлголттой болсон тул Солонгос улсын сайн үйлсийн аянд хандив өргөж, коронагаас болж эдийн засгийн хүндрэлд орсон айл, байгууллагуудад туслах зорилготой Фэйшн шоунд оролцох ховорхон боломж тохиосон юм. Яах вэ, залуу насны минь сайхан дурсамж болон үлдэж өргөмжлөл хүртсэн.

Ямар ч эмэгтэй хүн шаардлагатай үед өөртөө гоёлын будалт хийдэг, өөрийгөө гоё болгож чаддаг байх хэрэгтэй гэж боддог учраас сонирхлоо дагаж хорхойгоо дарсан төдий юм аа.  Тайзан дээр гараад алхах маш гоё байсан, цаанаасаа  өөртөө итгэлтэй болох мэдрэмж төрдөг юм билээ. Анхны гараан дээр хөл чичрээд, хүмүүс намайг юу гэж бодож байгаа бол? юу хийчхэв дээ гэж ахин дахин өөрөөсөө асууж, мянган бодол уралдаж айж сандарсан гэдэг тоймгүй.  Яг үнэндээ тэр олон гоё миссүүд дунд би тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг л харагдаж байсан байхгүй юу… \инээв\ Тайзны тэр олон гэрэл маш өөр гоёмсог ертөнцийг бий болгодог юм билээ.

Нарны аймаг л тийм байдаг болов уу гэмээр, өөр ертөнцөд алхаж яваа юм шиг л санагдсан. Нийт 3-н төрлөөр 12 удаа тайзан дээр алхсан. Сүүлийн гарааны алхалт дээр нэлээн дөжирсөн, хэзээний загвар өмсөгч шиг алхаж байсан шүү… \инээв\ Тэр үед би эмэгтэй хүн гэдгээ илүү их мэдэрсэн. Энд ирснээс хойш 4 жил өсгийтэй гутал огт өмсөөгүй байсан, тэр үед л тайзан дээр өмслөө.

Ингээд дараа нь би маш их ядарснаа шалтгаан болгож, зориг гарган зөөгчийн ажлаасаа гарлаа. Өдөр шөнө солигдож бие организм өөрийн мэдрэлгүй сульдаж тэнцвэрээ алдсан. Амьдралын хэмнэл өөрчлөгдөж, хэчнээн залуу хүн ч гэлээ сөхөрдөг юм билээ. Гэтэл огт санаанд оромгүй зүйлүүд тэр мөчөөс эхлэн надаас салаагүй. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг гэж үнэн юм билээ. Маш олон саналууд ар араасаа ирж, хичээлдээ явж, хааяа цагийн ажил хийж, захиалга өгсөн хүмүүсийнхээ бялууг хийж маш завгүй амьдрах болсон.

Өөрийгөө хөгжүүлэх ч завгүй, биегүй болтлоо хар ажилд нүдүүлж явжээ. Тухайн үед зориг гарган шийдсэн тэр шийдвэртээ одоо маш их баярладаг… Өөрийнхөө бодож явсан нэрээр цахим хуудас нээн, түүгээрээ дамжуулан өөрийн урласан бүтээл, бүтээгдэхүүнүүдээ байршуулан, Солонгост амьдардаг Монголчуудаасаа захиалга аван, танигдаж эхэлсэн. Миний хийдэг бялуу зөвхөн гурил кремээр хийсэн уламжлалт гэхээсээ илүүтэйгээр хөөсөн чихэр, сахарын хольцтойгоор олон төрөлт бүтээл тал руу нь хийдэг. Сурч байгаа сургууль маань Солонгос улсын хамгийн алдартай 1 номерын сургууль.

Би маш азтай. Манай багш энэ салбартаа нэр хүндтэй, аав нь ная гарсан хөгшин, дээр үеэсээ л энэ чиглэлээр ажиллаж амьдарч яваа, уламжлагдсан гэр бүлийн бизнес. Захирал маань надад маш их тусалдаг. Талхыг зүгээр гурил исгээд халуун зууханд барьчихдаг гэж бодсон чинь тоо бодож, томьёо ашиглаад байна… \инээв\ Захирал надад маш зузаан 2-3 ном хичээлээ сайн давтаарай гээд өгсөн. Би мэргэжлийн үг “А”  ч байхгүй.  Аргагүй шүү дээ шөнийн ээлжийн ажил хийдэг учраас хагас дутуу нойртой идэвх муутай байсан.  Яаж хийж байгааг нь яг хараад орц найрлагаа тогтоогоод харсаар байгаад практикаар л маш сайн сурч авсан. Онолоор бол маруухан.

Манай багш намайг: – Чи Монголд очоод заавал амжилтад хүрээрэй. Өөрийн гэсэн брэндээ нээгээд заавал намайг дуудаарай. Би 5 дахь өдөр  нисэж очоод бүтэн сайн гэхэд л буцаад ирчихнэ. Би чиний бүтээлийг л хармаар байна гэдэг. Энэ бүхэн нь надад маш их итгэл төрүүлж, ирээдүйг минь гэрэлтүүлдэг.

Миний Солонгос нэрийг Херан гэдэг. Манай Херан удахгүй алдартай болж, амжилтад хүрнэ хэмээн байнга урам зориг төрүүлдэг.  Багш нартайгаа шинэ орц зохиож, туршилт хийж түүнийхээ тухай санал бодлоо хуваалцах сайхан байдаг. Захиалга ирэх тусам өөрийгөө чамлаж, мэдэхгүй зүйлс тулгарсан ч багш нараасаа асууж, сэтгэл зүрхээ зориулан чадан ядан урладаг даа. Захиалга өгсөн хүнээ тодорхой хэмжээнд судалж, тэр хүнийхээ онцлогт тохируулж хийхийн тулд нэлээн бодож, боловсруулж байж урладаг. Тэр бүхэн намайг маш аз жаргалтай болдог. Миний хийсэн бялууг  хараад Ваав… гэж дуу алдаад, баярлалаа гэж хэлэх тэр царайг харах дуртай. Хүмүүс хэд вэ? Гэхээр би үнэ хэлж чаддаггүй. Уг бүтээгдэхүүний өөрийнх нь өртөг нэлээдгүй үнэтэй хэдий ч  би хүмүүст өндөр үнэ хэлж чаддаггүй… Хэлээ хазаж байгаад л нэг үнэ хэлчихсэн байдаг. \инээв\ Бялуу бол миний хобби гэхээс илүү миний дур хүсэл юм.

ЭМЭЭГИЙН ОХИН

Аав маань насаараа багшилж, ээж маань асрамжийн газрын эрхлэгчээр олон жил ажилласан.

Одоо тэд маань гавьяаныхаа амралтыг эдэлж байна. Би ер нь эмээгийн охин. Эмээ маань 90 дөхсөн сайхан буурай бий. Герман, орос, англи гурван хэлтэй, ёстой насаараа орчуулагч хийсэн, Элит эмэгтэй. Өвөө маань сэтгүүлч хүн байсан.

Монгол хүн анх сансарт нисэж байх үеийн сэтгүүлч, нэлээн эрт бурхан болсон. Орост сурч байхдаа өвөө эмээ хоёр маань гэр бүл болж, Герман улсад хэсэг хугацаагаар амьдарч, тэр үедээ Герман хэлийг маш сайн сурсан тухайгаа ярьж байсан.

Эмээ маань хэлний авьяастай. Намайг багаас минь Орос, Англи хэл давтуулдаг байсан төдийгүй, өөрөө 68 насандаа англи хэлийг бие даан сурсан байдаг.

Би ийм мундаг эмээгийн дэргэд өссөн хэрнээ хэлэндээ тааруухан байгаадаа өөрийгөө чамладаг. Би дээрээ нэг ахтай. Бид аав ээжээсээ хоёулаа. Эмээгээ маш их санаж байна.

Эмээ маань өдөр болгон ярьж: – Миний охин хэзээ ирэх вэ гэж асуудаг. Би эмээдээ хөдөө ажлаар яваад ирье гэж хэлээд, үүрээр нойрмог байхад нь үнэсүүлээд гарсан… Ямар сайндаа худал хэлэх вэ. \Хоолой нь зангираад, уйлав\ Орос ном уншина, өсгийтэй гутал өмсөнө, бүжигчин шиг янзын донжтой, гоё эмээ бий, миний эмээ…

Арван тавтайгаасаа төгөлдөр хуур тоглож, сайн үйлсийн аяны хүрээнд олон сайхан урлагийн ах эгч нартай бригадаар явж байжээ. Нэлээн нийгмийн оролцоотой, янз бүрийн арга хэмжээнд оролцдог завгүй хүүхэд байсан. Оюутан байхдаа ч тэр. Сэтгэл судлаач мэргэжлийг сонгохын тухайд ангийн багш маань, чиний зан араншинд тохирно гэж хэлж зөвлөснөөр болсон.

Хэн нэгнийг үл тоомсорлон, хүнийг дутуу үнэлдэг хандлага таалагддаггүй. Тийм хүмүүст үнэн голоосоо дургүй. Би багаасаа ангийнхан, найзуудаасаа тийм хандлагыг мэдэрч байсан. Үзэн ядмаар, муухай санагддаг.

Нас бага гэдгээрээ дутуу үнэлэгдэж, буруу ойлгогдож, хэлмэгдэх зэрэг нь хүнийг илүү хурцалж, хэрсүү болгодог юм шиг ээ… Тэр бүхэн намайг “шар”- тай болгосон. Одоо эргээд харахад тэд надаас ганц хоёроор л эгч, илүү гарсан зүйлгүй л байдаг. Өөрөөрөө байсныхаа төлөө бусдад үнэлэгдэхгүй байх, хэн ч биш юм шиг мэдрэмж, хүний дотоод хүсэл эрмэлзлийг унтрааж тэр хэрээрээ хүн буруу зам руу орох хандлагатай учраас аль болох бие биенээ ойлгож, хувь хүн гэдэг үүднээс нь хүндэтгэлтэй хандаж  байгаасай гэж хүсдэг.

Манай мэргэжил хувь хүний хөгжил, хүмүүжилд илүү нөлөөлдөг гэдгийг анзаарсан.  Сурч байх үедээ маш олон өөрчлөлтүүдийг ангийнхан дээрээ харж байсан. Бид маш их төлөвшиж байсан. Харилцааны хувьд давуу талууд ихтэй. Харилцан ярилцагчаа сонсох, сэтгэл хөдлөлөөс нь шалтгаалан мэдэрч  ямар хариу өгөх вэ гэдгийг  хүртэл тодорхой болгох боломжтой.  Монголд сэтгэл судлалын салбар сайн хөгжөөгүйгээс хүмүүс буруу ойлголттой явах нь элбэг. Сэтгэл судлаач гэхээр л далдыг хардаг далай лам шиг ханддаг хүмүүс олон таардаг.

Яг мэргэжлээрээ ажиллахад миний бакалаврын зэрэг багадна, хангалтгүй. Би зүгээр л нэг судалгааны оношилгоон дээр онолыг баримталж явна уу гэхээс хүнд сэтгэл зүйн зөвлөгөө өгнө гэдэг бидэнд хориотой, аюултай. Их сургууль төгссөнөөрөө би сэтгэл зүйч болчихсон гэж хэлж болохгүй, дотроо маш олон төрөл байдаг. Хүүхэд, гэр бүл, эмгэг, бага нас, архидалт, донтолт гэх мэт… Би архины донтолт болон Сэтгэцийн эмгэг төрлөөр дагнан суралцаж байсан. Сэтгэцийн эрүүл мэндийн төвд анх дадлага хийж байхдаа хурцын тасгийн өвчтөнүүд дээр ажилласан. Тэнд байсан морфинд донтсон нэг эгч одоо ч миний санаанаас гардаггүй. Жоохон хүүхэдтэй, залуухан хүн хэрнээ турж эцсээд яг хөгшин хүн шиг болчихсон байсан.

Элэгний хатууралтай, тэр нь хүндрээд маш их өвддөг байж. Хөдөө амьдардаг тул сумын эмнэлэгтээ очно, эмнэлэг нь морфин хийнэ. Сүүлдээ биед нь дасаад үйлчлэхээ больсон. Тэсвэрлэшгүй өвдөлтөө намдаахын тулд гуйж гувшиж, сумын эмнэлэг нь өгсөөр бүр донтсон байсан. Тэр эгчийг би маш их өрөвддөг. Хэцүү хүмүүс зөндөө таарч байсан.

Сургуулиа дуусгаад, эх орон, ээж аав, эмээдээ, хайртай хүндээ л хурдхан очмоор байна…  Солонгост анх ирж байх үеийн зорилгоо чамлахааргүй давуулан биелүүлсэн. Одоо маш их яарч байна. Энэ улсаас олон зүйлийг сурч, мэдэж авлаа. Өөрийгөө хөгжүүлж, олон сорилтыг даван, хүсэл мөрөөдөлдөө жим гаргаж, боломж үргэлж байдгийг чин сэтгэлээсээ мэдэрсэн. Одоо эх орондоо очиж ид шидийг нь үзүүлэх л үлдсэн.  Өөрийн брэндийг бүтээж, үлгэрийн юм шиг хөөрхөн кофе шоптой болоод хайртай хүнтэйгээ урт удаан амар тайван амьдармаар байна. Би одоо цаг хугацааны эрхэнд  ИТГЭЛ, НАЙДВАР, ХҮЛЭЭЛТ -н дунд хөвж явна…

\Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ. Тийм ээ…  Мянга мянган Монгол залуус эх орондоо яарч байгаа. Тэд хангалттай суралцаж,  чамлахааргүй зүтгэсэн. Одоо сурсан мэдсэн бүхнийхээ ид хавыг сүндэрлүүлж, эх орондоо хүчээ өргөхөөр тэмүүлж байна. Нутгаа зорисон Монгол хүн бүрийн сүүн зам саадгүй байг.

 Эх орондоо тавтай морил Буянаа… \

Түгээх