Бүхнээс дээгүүр өөрийгөө тавих үзэл битгий хэл, бүдэгхэн өнгийн эгэл хувцсаар жигдэрсэн Сөүлийн иргэд нэг л өглөө Оскарын улаан хивсний ёслолд уригдсан зочид мэт ихэмсэг болчихдог. Бурангуй үеийн хүн байсан бол байгаль дэлхий биднийг шагнажээ хэмээн мунхаглан сүсэглэж мэдэхээр ийм ер бусын өдрүүдэд хэдэн гудам, гүүр дамнан гороолох байсан биз …
Нэг шөнийн дотор хэдэн мянган сарнай зэрэг дуншин өндийсөн болохоороо хот тэр аяараа цусан улаан цэцэгсээр будагдчихсан . Тэд одоо яг л өөр ертөнцийн хүмүүс шиг этгээд харагдаж байна.
Тээр тэнд гудамны үзүүрт ганц хүн бөртөлзөөд алга болов. Харин махны дэлгүүрийн залуу гартаа хутга барьчихсан өмнөх гахайн махаа нямбайлан янзална. Өндгөн толгойгоо репперүүдийн эрээн алчуураар боож, аймшгийн киноны алуурчин шиг цус болсон цагаан хулдаасан хормогч хүзүүнээсээ дүүжилж, хоёр шуундаа хүрэн бор ханцуйвч угласан тэрбээр нэлээн үнэтэй спорт загварын машин болоод хүнд рокуудыг санагдуулам гялгар хар мотоциклоо, гайхуулах мэт гаднаа сойжээ.
Хэний төлөө ингэтлээ зүтгэж, юуны төлөө амьсгалах ч завгүй амьдардаг тухай нь асуух юмсан гэсэн этгээд хүсэл өдөр бүр төрөх аж.
Тэр дөнгөж гуч гарч яваа байх. Өглөө үүрээр гарахад аквариумтай загас шиг шилэн хананы цаана угтаж, энэ л төрхөөрөө үдэш аанай л ажилласаар зогсдог. Дэлдэн чих, чөргөр гар, орсгор шүд, орой дээрх хэдхэн ширхэг шингэн үс, нимгэн шар арьстай тэрээр жартгар нүдээрээ өөд харах сөхөөгүй ажиллана. Хэзээ нь амьдарч, хэдий үеэр нь тэр гоё унаануудаараа зугаацаж, аль үедээ амарч, ямар үед мөрөөддөг юм бол оо? Хэний төлөө ингэтлээ зүтгэж, юуны төлөө амьсгалах ч завгүй амьдардаг тухай нь асуух юмсан гэсэн этгээд хүсэл өдөр бүр төрөх аж.
“Миний вант улсад байгаа газартаа үлдэхийн тулд байдаг хурдаараа гүйх хэрэгтэй” хэмээн Улаан хатан Алисад хэлдэг дээ. Хэчнээн бат бэх суурьтай ч нэг байрандаа зогссон хэн ч ялалтад хүрч чадахгүй гэсэн санаа байх. “Алиса гайхамшгийн оронд” зохиолын Улаан хатны зэвүүн үг энэ улсад үйлчилдэг болохоор “сарын тэмдэг” нь ирсэн мэт Сөүлийн улаан гудмаар зургаа авахуулаад сөхөөгүй бужигнасан олныг зүсэн, яаран зүтгэх минь учиртай. Тэнд намайг нутаг нэгтэн минь хүлээж байгаа. Метро ирж явна…
АЗ
Багаас минь л миний сэтгэлзүйг бэлдэж байсан юм шиг ээ. Ер нь л дуучин болгох төлөвлөгөөтэй байсан юм байна. Ахыгаа бодвол арай сонсгол сайтай, хөгжмийн мэдрэмжтэй байж магадгүй гэж бодсон гэсэн. Ингээд аав намайг дуучин хүн хөгжмийн мэдрэмж байх ёстой гээд хөгжим бүжигт шалгуулаад морин хуурын ангид тэнцсэн боловч анги нь дүүрээд, лимбэ ятгын анги үлдэв. Шүд ам нь сийгүүрдээд эвдэрч магад гээд тэр ангиудад оруулсангүй.
Уг нь би 10-н жилээ төгсөөд Цагдаагийн академид орох хүсэлтэй байсан боловч, аав ээж хоёр тийм юм байхгүй ээ гээд зөвшөөрөөгүй. Эхлээд чи манай багш дээр очоод шалгуулаад үз, үнэхээр чамд авьяас байхгүй бол урлаг чамайг өөрөө өшиглөөд гаргачихна. Тэр үед чи юу болдогсон, дураараа шийдээрэй гээд МУГЖ Д. Банди багшид очиж шалгуулсан. Д. Банди багш аавын маань багш. Аав 30 жилийн дараа хүүхдээ аваачиж багшдаа шалгуулж байгаа нь тэр.
Д. Банди гуай:
-Нэг азаа үзэж болох л юм байна… гээд өөр гойд зүйл хэлсэнгүй. Ингээд аав намайг бэлдэж эхэлсэн. Байнга дуурийн театр дээр очиж хоолойн бэлтгэл хийнэ, дасгал гамм уншина, төгөлдөр хуур дээр этюд давтана. Сонсголын дасгал гээд бүгдийг нь давтсаар СУИС-д орсон доо. Тэгээд л Д.Банди багшийнхаа шавь болсон. Манай ангийнхнаас хүмүүсийн сайн мэддэг дуучид гэвэл Найдандорж, Нямзагд Хандмаа, Отгонтогтох, Монголхүү, Буриадын театрын гоцлол дуучин Батчимэг гэх мэт олон дуучидтай мөрөн зэрэгцэн сурч байлаа. Гучуулаа ороод арван дөрвүүлээ төгсөж байсан.
Даруухандуу төрлийн хэл ам татлаад байдаггүй, мандан бадраад сүйд болоогүй хичээлдээ л сууж байдаг тийм алтан дундаж оюутан байсан. Ер нь л сургууль дээрээ өнжинө. Д.Банди багш нас барсны дараа МУГЖ Д.Ганхуяг багш анги дааж авав. Чөлөөт цагаараа төгөлдөр хуур дээр дасгал уншаад, багш бид хоёр хоёулхнаа өнжих үе бишгүй байсан. Нэг бодлын хэнхэгтэй ч юм шиг. Зан чанарын хувьд би ээжийгээ илүү дуурайсан байх гэж боддог.
Ээжийнхээ хүлээцтэй, буурьтай, тэвчээртэй зан чанарыг авсан юм шиг ээ. Харин ааваасаа тууштай занг нь авсан. Манай аав ямар нэг юм эхлүүлсэн бол заавал дуусгаж үр дүнг нь харж байж санаа нь амардаг тийм хүн. Гадаад дүр төрхийн хувьд ч гэсэн ээжтэйгээ илүү төстэй гэж хүмүүс хэлдэг. Одоохондоо ээжтэйгээ адилхан ч гэлээ хөгшрөөд аав ч болох юм билүү… Хэн мэдлээ \инээв\.
Дээрээ ганц ахтай. Ах маань график дизайнер мэргэжилтэй. Сансар телевизэд ажилладаг. Бага байхад аав ээж гэрийн бараа харахгүй, ах бид хоёр хар багаасаа л биеэ дааж хоол ундаа өөрсдөө хийж, гэрийн ажлыг хэнээр ч заалгахгүй хийж сурсан. Тэрний хүчинд одоо бол хоолыг “галзуу” хийнэ. \инээв\. Аав ээж маань тэтгэвэртэй гарсан. Ах маань эхнэр дөрвөн охинтой өнөр өтгөн айл болсон. Манайх телевизэд байдаг.
Хүүхэд болгоны нэгэн адил сагс, хөл бөмбөг, тэвэг, бөглөө, дугуй түрж, сега, мортол гээд 90-ээд оны хүүхдүүд яаж өссөн яг л тэр замаар бүх л тоглоом наадгайг алгасалгүй тоглож телевизийн шороон дээр л өслөө дөө. 4-р анги хүртлээ урлагийн үзлэгт маш идэвхтэй оролцог байсан, жаахан томхон ангид ороод больсон. Багш нар аав ээж чинь урлагийн хүмүүс, чи дуулахгүй бол өөр хэн дуулах вэ гээд хүчээр шахуу дуулуулна. \инээв\ Тухайн үед аав ээж бас дуулуулах дургүй. Багаас нь дуулуулсан хүүхдийн хоолой нь эвдэрчихдэг, буруу тавилт суучихна гээд дургүй байдаг байсан.
Баярсайханы Батжаргал. Дуурийн дуучин. 1990 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав, ээж нь урлагийн хүмүүс, дуучид. Аав СТА Т. Баярсайхан нь насаараа Дуурь Бүжгийн Эрдмийн театрт дуулсан, ээж Д. Бямбасүрэн Хилийн цэрэг болон Бүх цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин. Урлагийн гэр бүлээс гаралтай энэ залуу эртний туульс “Гэсэр”, “Жангар”-ыг санагдуулам, эртний царай төрхтэй агаад хуучны хүмүүсийн хэлдгээр “Бурхны чих” -тэй хүмүүс амны хишигтэй байдаг гэдэг шиг нээрээ тэр зүгээр л АЗ- аар дуучин болчихсон гэж үү?
WELCOME TO KOREA
Солонгос улсад хамгийн анх 2016 онд тоглолтоор ирж байсан хэдий ч дараа нь ингээд сургуульд ирнэ гэдэг төсөөлөл тухайн үед байгаагүй ээ. Би одоо БНСУ -ын Үндэсний урлагийн их сургуульд \Korean national university of arts\ магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байна. Энэ сургуулийн хувьд гэвэл энд дуулаачаар төгсөж байгаа Бямбажав гээд дуучин миний өмнө жил энэ сургуульд тэнцэж орсон. Тэгээд сургуулийн тухай мэдээлэл өгч, дүү нартаа жим гаргасан гэх үү дээ.
Хамгийн гол нь тэтгэлэгтэй байсан. Ингээд материалаа өгөөд тэнцсэн. Би 2018 онд яагаад ч юм нэг л өөр зүйл хүсээд, өөрийгөө илүү нээж, илүү хөгжмөөр санагдаж эхэлсэн. Театртаа ажиллаад, байгаад байвал байгаад л байна… Залуу байгаа дээрээ жоохон явж юм үзмээр санагдсан. Солонгост ирээд бэрхшээлтэй зүйл байгаагүй, Солонгос хэлийг эс тооцвол. Гэхдээ эхний зургаан сар нэлээн хэцүү байсан. Ээжийгээ их санаж байсан. Ирэх намар төгсөнө. Диплом бичихгүй, Сонгодог урлагийн ангийнхан тоглолт хийгээд л болоо… Гол бэлтгэл нь өвчин тусахгүй, гамм сайн уншина. Дуулах программуудаа сайн бэлдэнэ. Сөүлийн бужигнасан, завгүй амьдрал дунд шууд орох маш бэрх, их стрэсстэй, алив цаашаа, алив наашаа гээд л… Одоо л нэг дасаж байна. Гурван жилийг яаж өнгөрөөнө дөө гэж анх зүрх алдаж байсан бол одоо хэдийнээ дасаад догь байгаа.
МАНАЙ ГАЙХАМШИГ
Улс оронд сонгодог урлаг байх ёстой, улс орны хөгжлийг ер нь сонгодог урлагаар нь жишдэг болсон энэ цаг үед хүчирхэг улс орон болохын тулд сонгодог урлагаа маш сайн дэмжиж, хөгжүүлэх ёстой л гэж бодож явдаг. Дээрээс нь ард түмний амьжиргаа дээшлээд эхэлбэл хүн гэдэг бие сэтгэл, оюун ухаан, мэдрэмжийн хувьд өөр зүйл нэхэж эхэлнэ. Тэр цагт л сонгодог урлагийг ойлгож эхлэх байх. Одоо бол юун сонгодог урлаг манатай л байх шиг байна.
Дуурь Монголоос ер нь их хол, өрнөдийн урлаг шүү дээ. Ер нь Азиас хол гэсэн ч Азиуд хүчирхэг байгаа. Хаа байсан тэр өрнөдийн урлагийг эх орондоо амьдруулна, түгээнэ гэдэг бас их ярвигтай. Масс тэр чигээрээ сонгодог урлагийг сонирхдог байх боломжгүй. Бид сонгодог урлагийг ойлгохоосоо илүү өнөөдрийн амьжиргааны асуудлаасаа гарч чаддаггүй.
Fm радиогоор явж байгаа дуугаар л урлагийг төсөөлж байна. Радиогоор тэр бүр дуурийн дуу явдаггүй, түүнийг сонсох ч үгүй байх. Бидний ахмад үеийнхэн суурийг нь сайн тавьж өгсний хүчинд харин ч Монголын сонгодог урлаг өдий дайтай яваа гэж боддог. Бидэнд үүнээс илүү байх боломж ч байгаа гэж хардаг. 90 оны эхээр нэг хэсэг сонгодог урлаг мөхлийн ирмэгт ирж унтрах шахсан тухай ах эгч нар ярьдаг.
Театр хөшгөө нээхэд хоёр гуравхан үзэгч алгаа ташаад сууж байсан өдрүүд цөөнгүй байсан гэнэ лээ. Ирсэнд баярлалаа гэж хэлээд л хөшгөө хаана. Бүх жүжигчид нүүр амаа будаж бэлдээд гарах гэхээр үзэгчид байхгүй тийм л үеийг давж гарч ээ ахмадууд маань. Тэр үед хаалгаа бариагүй өдий хүртэл авч явсан уран бүтээлч ах эгч, ахмад үеийнхэн маань үнэхээр гайхалтай, бахархмаар… Энэ бүгдийг таслалгүй бидэнд үргэлжлүүлж авч ирсэн болохоор бид өнөөдөр дурын дуучин гээд ингээд сууж байгаа нь тэдний маань л гавьяа.
Анх театртаа найрал дуучнаар орж байлаа. Жилийн дараа гоцлол дуучин болсон. Тэр үед Х. Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийн согтуу буюу хэлхээ гурван нөхрийн нэгэнд нь дуулж тайзан дээр гарч байлаа. Харин анхны гол дүр бол Кармен дуурийн Хозе.
Түүнээс хойш
- 2015 онд Ким Базарсадаевийн нэрэмжит ОУ-ын дуурийн дуу дуулаачдын уралдааны Гран-при
- 2016 онд Москва хотноо болсон Муслим Магомаевын нэрэмжит ОУ-ын Дуурийн дуучдын уралдааны 3-р байр
- 2016 онд Төрийн соёрхолт, УГЗ хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжмийн олон улсын хоёрдугаар уралдааны Тэргүүн байр
- 2017 “ВВС Cardiff Singer of the World” дуурийн дуучны уралдаанд Монголын тенор хоолойнуудын анхдагч болж оролцон, шилдэг 20 залуу дуучны нэгээр шалгаран, финалын шатанд өрсөлдсөн.
- 2017 онд Казакстаны Астана хотноо болсон Бибигуль Тулегеновагийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдаанаас “Гран при” шагнал
- 2018 онд БНАСАУ-ын Пхеньян хотод болсон “Пхеньян” дуурийн дуулаачдын анхдугаар уралдаанд Б.Батжаргал дэд байр буюу мөнгөн медаль
- 2019 онд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан “Сөүл” олон улсын дуурийн дуучдын 15 дахь уралдаанд 6 дугаар байр
- 2017 онд Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан болжээ.
КАЛАФ
Монголоо их санаж байна. Хөдөө тал, задгай салхинд гараад юу ч бодож санах юмгүй унтмаар байна. Айраг ууж, морь унаад салхи зүсэн давхихыг л маш их хүсэж байна. Бүх л юмаа үгүйлж байна. Ажлаа, хамт олноо… Хэчнээн хөгжсөн, сайхан оронд сурч боловсорч байгаа хэдий ч эх орныг минь яаж гүйцэх вэ. Хааяа нэг хүн гуйхаар оронд нь ажилд гарч өгдөг, хичээлгүй өдрөө. Тэгээд очоод харахаар манай Монгол сайхан сайхан залуучууд айл нүүлгээд явж байдаг. Яг л гоё ид насны, янз бүрийн салбарын дээд боловсролтой залуус бүгд хар ажил хийгээд л явж байгаа нь хөөрхийлөлтэй санагддаг. Яалт ч гүй амьжиргаагаа залгуулах гээд бүгд өөр өөрийн зорилготой ирсэн болохоор… Монголд, цаана нь өчнөөн амьдрал хүлээж, тэднийхээ ганц найдвар нь болсон энэ хүмүүсийг ойлгохгүй байхын аргагүй, бас хайрламаар… Монголд нөхцөл байдал арай өөр байсан бол Монгол залуус маань ингэж явахгүй нь тодорхой. Гэхдээ цаг үе солигдож, нэг шинэ өөрчлөлт ирж яваа юм шиг санагддаг.
Дуурийн дуучин хүний үндсэн шинжүүд гэвэл нуруунаас эхэлнэ. Өндөр, нуруулаг байх ёстой. Мэдээж хоолойн чадамж, царай зүснээс эхлээд тайзны хүний шалгуур өндөр. Биеийн жин бас чухал үүрэг гүйцэтгэдэг. Багш нар масс суух хэрэгтэй гэдэг байсан. Би харин өөрийгөө нэг шинэ туршилтад зориулж нэлээдгүй жин хаясан. Одоо дэлхийн дуурийн дуучдыг хараад арай өөр бодол төрж эхэлсэн. Ялгарал хэрэгтэй байгаа учраас өөрийгөө бэлдэж эхэлсэн, нэлээн өөрчлөлтүүд хэрэгтэй байна. Шинэ дүр төрх бүрдүүлэх гээд хичээж байна гэх үү дээ. Дуучин хүн биеэ өөрчилж байна гээд хамаагүй гэдэсний таталт хийж болохгүй юм байна лээ. Амьсгаанд өөрчлөлт ордог. Дуу өөрөө тэр чигээрээ амьсгаан дээр тогтож байдаг болохоор амьсгалаа алдвал мэдээж алдаа гарна. Би нэг удаа гэдэсний таталт хийж байгаад тэмцээнд ороод маш муу оролцсон.
Спортод дуртай. Сагс их үзнэ. Одоогоор өдөрт 1-2 хичээлтэй байгаа. Ихэнх нь онлайнаар орж байна. Дэлхийн дуучин болохын тулд англи хэлээ түлхүү сайжруулах хэрэгтэй, тиймээс хэлээ давтана. Манай сургуульд ойролцоогоор арваад оюутнууд байгаа. Цаг сайхан байхад баяр ёслолоор монголчуудаараа уулзалдана. Одоо тэгээд цар тахалтай байгаа болохоор тиймэрхүү арга хэмжээ хориотой л байна. Солонгосын олон хотуудаар тоглолтод явж байсан. Очсон газар болгоны театрууд маш гоё. Урлагаа ямар их дэмждэг улс вэ гэж өөрийн эрхгүй цагаахан атаархал төрдөг. Том жижиг гэлтгүй бүх хотууд нь театртай.
Найз бүсгүйтэй. Үерхээд зургаан жил болж байна. Төгөлдөр хуурч мэргэжилтэй. Дуурь бүжгийн эрдмийн театрт төгөлдөр хуурч, концерт мистер. Давхар морин хуурын чуулгад ажилладаг. Бас урлагийн гэр бүлээс гаралтай. Намуунаа гэдэг бүсгүй бий. Одоогоор бид гэрлэж амжаагүй л явна. Залуу хосуудын адил олон мөрөөдлүүд бидэнд бий. Нэг л өдөр хамтдаа тэр бүгдийн эцэст хүрэх байх гэж боддог…
Жирийн ажил төрөл хийгээд амьдарна гэдэг надад төсөөлөгддөггүй. Тайзан дээр гарах үе нэлээн айдастай байдаг. Сандардаг. Бэлтгэл ханасан үед харьцангуй тайван, гэхдээ л айдас байдаг. Хорин хэдтэй байхдаа тэмцээн уралдаанд ороход улаан галзуу бодож санах юмгүй л ордог байсан. Одоо улам л гэрэвших сонин мэдрэмж төрөөд байдаг. Хэсэгтээ гаднын орнуудаар явж дуулж, өөрийгөө дэлхийн хаахна байгааг мэдрэх хэрэгтэй байна.
Хаа байсан европын гүнд очоод Монгол гэж зарлуулах үгээр илэрхийлэхийн аргагүй омогшлыг бадраадаг. Монголыг морь унасан хүй нэгдлийн үеийн хүмүүсээр төсөөлдөг улсад дуурийн дуучин гээд зарлуулаад гарахад гайхаж угтах нь олон байдаг. Миний амжилт, миний хичээл зүтгэл бол эх орондоо оруулж байгаа хувь нэмэр минь л гэж бодож явдаг. Би чадах юмаараа л эх орондоо хүчээ өргөж байгаа маань энэ.
Хэний ч хүрээгүй алсад эх орныхоо нэрийг зарлуулж явдаг манай дуурийн дуучид бол дэлхийн талыг хурааж явсан Чингисийн хааны дайтай л эх орныхоо нэрийг түгээж алдаршуулж яваа.
Хэний ч хүрээгүй алсад эх орныхоо нэрийг зарлуулж явдаг манай дуурийн дуучид бол дэлхийн талыг хурааж явсан Чингисийн хааны дайтай л эх орныхоо нэрийг түгээж алдаршуулж яваа… Тэрүүгээрээ л эх орондоо хүчээ өргөцгөөж байгаа гэж төсөөлдөг. Намайг заавал хүн болгон мэддэг байх албагүй. Мэдүүлнэ гээд би зохиолын дуу дуулаад явна гэж байхгүй.
Урлагийн онгод, тэр дундаа од гийнэ гэдэг нь байдаг. Тэр өдөр нь бүх зүйл нэг л андашгүй. Хоолой онгойгоод, дуулаад баймаар ч юм шиг нэг л ер бусын болчихдог. Түрүүлэх бөхийг манай Монголчууд анддаггүй, яг тэрэнтэй л адилхан. Одоо сургуулиа л амжилттай төгсөх хэрэгтэй байна. Төгсөөд Солонгосын дуурийн театрт дүрийн шалгалт өгөх зорилготой.
Мөрөөдлийн олон дүр байдаг хэдий ч Италийн алдарт хөгжмийн зохиолч Дж.Пуччинигийн алдарт “Турандот” дуурийн Калафийн дүр бол миний мөрөөдлийн дүр. Түүнийг Италийн задгай театрт “зад” авахсан гэж мөрөөддөг. Тэр бол Монголын Тогоонтөмөр хааны хүүгийн тухай түүхэн дүр. Дуурийн дуучин гэдэг бол дууны жүжигчин гэсэн үг. Манай ахмадууд Монголын сайхан сайхан кинонуудад их тоглосон байдаг. Манай дуучид сайн жүжиглэдэг. Биднийг жаахан тордоод өгвөл манайд ямар их нөөц байна гээч? Мэдрэх л хэрэгтэй байна…
Өөрийнхөө хүсэл мөрөөдөл, үзэл бодол, эх орондоо үнэнч байгаарай залуусаа…гэж хэлмээр байна. Хүн мөнгөний боол биш шүү, хүн хэрхэн хүний төрлийг олж ирдэг билээ? Яах гэж чи ер нь амьдарч байгаа, зөвхөн хар ажил хийгээд л залуу насаа үрэх гэж энд байгаа юм уу? Хүсэл мөрөөдөл чинь юу вэ? Өөрөөсөө нэг асуугаарай? Өөрөө өөртөө эзэн байгаад, хүсэл мөрөөдөл зорилгоо битгий умартаарай…
Эх орноо хайрлаарай. Хэдийгээр бидэнд учир дутагдалтай зүйлс олон байгаа ч залуус бид л шинэ өөрчлөлт, зөв хандлагыг бий болгож чадна гэж боддог шүү. Гэж хэлээд яриа дуусав уу гэсэн шиг над руу харав. Нээрээ л одоо бид харах өнцөг, хандлага, өөрсдийгөө өөрчлөх цаг хэдийнээ иржээ… Өөрсдийнхөө үнэ цэнийг мэдэрч, дэлхийд нэрээ гаргаж яваа олон авьяаслаг залуус, Монголынхоо соёл урлагийг дэмжих цаг хэдийнээ хоолойд тулжээ. МУГЖ, Чингис хаан одонт Г.Ариунбаатрыг “Манай гайхамшиг” гэж Путин өмчирхөн бахдахад бахархахаас илүүтэйгээр, харамлах сэтгэл төрсөн шиг дэлхийн театрууд цөөхөн Монгол дуучдыг минь хуваагаад авчих вий гэсэн “айдас” сэтгэлийн мухарт шигдээстэй.
Тэд үүргээ гүйцэтгэсээр л явна. Тэд өдөөж, тэд сэрээж байна… Дэлхий Монголын алдарт дуучдын өмнө бөхийж, монгол хэлээр, Монголын театрын алтан тайзанд дуугаа өргөхөөр өрсөлдөх өдрүүд ойрхон биз ээ… Хурай.