Дөлөөр наадагч

Ойн зэрлэг жимс шиг гүн хар нүдэнд нь орчлонгийн бүх одод чуулсан мэт, орсгор шүдээ хамаг байдгаар нь ярзайлган аавынхаа өвөр дээр дэлхийн хаан шиг яваа бяцхан хүү, мотоциклын хүнгэнээн дээр хүч нэмэх шиг цовоо цолгиунаар хашхиралдан инээлдэх тэдний дуу гудмаар нэг цуурайтав.

Эзэгтэйтэйгээ ижилхэн царайтай, туниа муутай халаасны хав яршигтайгаар хуцах улихын хооронд янцаглахуй,  “Яаа” гэсэн ганцхан хашхиралтаар даруй нам гүм ноёлж, хормын төдийхөн хуурамч аяглах эзнийхээ жартгар нүднээс далдичин, гомдож сурсан гөлөгний гөлөлзсөн харц нүдэнд үзэгдэх шиг.

Ясан тавгуудын тачигнах чимээ нэг чангарч, үе үе алсрах нь Хятад хоолны газрын тогооч ах нар хэдийнээ ажилдаа ирсэн нь илт. Хашааны гаднах илжгэн чихний модод нэгэнтээ нүцгэрч, ээмэгнээсээ өөр өмсгөлгүй, бээрсэн хүүхэн шиг гордойх уйтгарт энэ модны доор хэдэн хөгшчүүл бөөгнөрөн хэсэг шуугилдах авч төд удалгүй эгнэж суугаад зайрмаг долооцгоон дор бүрнээ таг гөлөрцгөөнө.

Голын нурсан эргийг санагдуулам суларч хэмхэрсэн цайвар ягаан буйл, аманд нь уярсан зайрмагийн цэхэр цөцгий, шарлаж өгөрсөн ганц нэг шүд, хацрын хонхорхой, цагирагласан сүүмгэр хөх нүд, таван ширхэг буржгар цагаан үс… Бор хоолонд дөнгөж орж буй нялх хүүхдийг санагдуулам энэ дүр төрх, эгээ л хүмүүн гээч эхлэл болоод төгсгөлийн нэгэн цэгт эгэлгүй ганцхан төрхийг өөртөө аваад үлдчихдэгийг батлах мэт, хачин эхүүн бодол гүний худгийн хүхэрт ус мэт сэтгэлийн ёроолд сэнгэнэв.

Дэлгүүрийн эмээ, эзэнгүй ихэр муур, чийгт ялзарсан савхин бүрээстэй өнчин тэргэнцэр, нүүр биеэ нь битүү түлэнхийн сорвитой согтуу ах, шөнийн зах, хөрш өвгөний үздэг \+18\ киноны хуурамч тачаалын хиймэл дур тавилтын хашхираан, дээд айлын түлхүүр, шатаар уруудах хэн нэгний хөлийн чимээ…Ерөөс энэ хуучин байшин, давчуу гудам тэр чигээрээ нэгэн тусдаа ертөнц мэт хөг эгшиг, ая дан нь дээвэр туурга нэвтлэн уусахуй амьдралын энэ л хэмнэлд хэдийнээ эзэмдүүлсэн байдаг.

Үзсэн харсан, уулзсан учирсан бүхнээсээ би гэрэл гэгээ, дулаахан бүхнийг эрсээр… Өнөөдөр тэр юу туулж гарсныг,  ямар байсан, өнгөрснийг хэрхэн үдэж, ирээдүйд хэнд итгэж, юунд найдаж зүрх сэтгэл нь ямархан нууцыг тээж явааг мэдрэх ер бусын, хүслийн гал сэм ноцно.

Одоо тэд жаргалтай харагдаж эхэлсэн. Яаж гэж үү? Гагцхүү та тэднийг ямар нүдээр харахаас бүх зүйл шалтгаална. Амьдралын чанадын нууц болох АЗ ЖАРГАЛ-ыг эрж бус хүн өөрөө бүтээдгийг одоо би мэддэг болсон…

ШӨНИЙН ОХИН

Шөнө, миний дуртай цаг. Энэ үед би хүссэн дүр, бодсон зүйлээ урлаж амьдруулж, бүтээж суудаг. Яг л  бясалгал шиг. Бүрэн төвлөрөхөд ер бусын урсгал биед хуримтлагдаж, энерги эрчлэгдэн байгаа нь мэдрэгддэг. Лаагаа цутгана, хайлуулна, будна, хатаана, заримдаа яг санаснаар болоогүй бол ахин дахин хийнэ, удаан ширтэнэ. Кофегоо ууна. Гэнэт гоё санаа тас гээд ороод ирнэ. Хэрдээ л би, энэ хавьдаа урлаж, уясаж ажилладаг гэх үү дээ.

Хийх тусмаа өөрийгөө голох мэдрэмж цухалздаг. Яг санаанд хүрсэн лаагаа хараад үүнийг авсан хүн яаж баярлах бол оо гэж төсөөлөн, урьтаж баярлах явдал бишгүй. Хэдийгээр би мэргэжлийн артист биш ч гэсэн өөрийгөө голдоггүй. Youtube, Instagram гэх мэт сошиал ертөнцөөс их суралцдаг гэх үү дээ. Гаднын артистууд, тэдний контентуудыг үзнэ, туршлага судална, дуурайж хийх гэж оролдоно. Нэг талаараа энэ бүхэн уйгагүй суралцах, хөгжих хязгааргүй боломж юм.

Ирээдүйд Солонгосын мэргэжил олгох сургалтад яг энэ, өөрийнхөө сонирхсон чиглэлээр суралцаад эх орондоо очиж,  надтай адил хүсэл мөрөөдөлтэй олон хүмүүст зааж, лааны урлаг хөгжлийн талаар чадлаараа таниулахсан гэж хүсдэг. Би ер нь их итгэмтгий… Магадгүй миний дотор хүн хүүхэд хэвээрээ байгаа байх.  Тэр хэрээрээ ч хүсэл минь биелдэг гэх үү дээ.\инээв\

Солонгост лаагаар бараг л хоол урладаг гэхэд дэгстэхгүй. Мэдээж шууд утгаараа биш. Бялуу хийнэ, коктейл найруулж, төрөл бүрийн хэв загвар, хэлбэр галбирт захирагдахгүй, задгай, чөлөөт урлаг болтлоо хөгжсөөр байна.

Одоогоор дэлхий дээр хоёр мянга гаруй төрлийн лаа байна. Худалдан авагчдын таашаал, сонголт ч харилцан адилгүй аль болох тансаг, байгалийн элдэв үнэрт, өнгөтэй лаанууд эрэлттэй худалдаалагдаж байгаа. Орчин үеийн гэр бүлүүд гэртээ халуун дулаан орчин, тав тухтай байдлыг бүрдүүлэхийн тулд лаа болон лааны дагалдах хэрэгслээр гэрийнхээ интериорийн салшгүй хэсэн болгон чимэглэдэг болсон. Лаа бүр өөрийн гэсэн зан араншинтай. Тэр амьтай. Өнгө дүрс хувирамтгай. Байгалийн гаралтай тос уусмал, бүгд агаар, салхи хий байгалийн бүхий л зан төлөвтэйгөө уусан зохицох төрөлхийн өгөгдөлтэй байдаг. Би одоогоор хүүхдүүдийнхээ өрөөг ажлын өрөө болгон тохижуулж өөрийн гэсэн орчныг бий болгосон.

Намайг лаа хийдэг гэхлээр Монголд байгаа танилууд маань “Чи наана аа бараг лааны үйлдвэртэй болчихсон уу” гэж асуудаг. Намайг юу туулж, яаж энэ бүгдийг эхлүүлж, юу тохиолдож хэрхэн даван туулсныг мэдэхгүй хэрнэ дур зоргоороо дүгнэн ярьж, тавласан асуулт нь намайг тавгүйдүүлдэг.  Нөхөр маань амрах сөхөөгүй зүтгэж байна. Би нялх хүүхдүүдтэй ч гэр бүлдээ нэмэр болж, өөрийгөө хөгжүүлж, сонирхлоо дагаж явсаар нэг мэдэхнээ лаатай салшгүй холбоотой болсон байсан. Хүсэл, зорилго байхад нэг л өдөр бүх зүйл аяндаа эхэлсэн байдаг, яг л ид шид шиг…

Нялх хүүхэдтэй ээжүүдэд тохиолддог зүйлс намайг тойроогүй. Охидоо төрүүлсний дараа би 97 кг болтлоо таргалж эмчийн хяналтад оров. Бага охин эмнэлгээс салахгүй, аав маань бурхан болоод тэр жил ер нь юм юм давхацсан хэцүү жил байсан. Энэ бүх өдрүүдийн дараа би өөрийгөө толинд хараад таниагүй. Бас итгээгүй. Өөдөөс огт танихгүй, хөгшин хүн хараад зогсож байх шиг санагдсан.

Ингээд өөрийгөө ялан дийлэх, дотоод дуу хоолойгоо сонсож, өөртэйгөө тэмцсэн өдрүүд үргэлжлэв. Би нэг онгирчих уу?\инээв\

Юу гээч? Хамгийн гоё нь би үнэхээр азтай. Би маш сайн ханьтай. Миний хань намайг үргэлж дэмжиж түшиж, ямар их нөмөр нөөлөг болдог гээч. Надад үргэлж урам өгч, сайхан үгээр зоригжуулдаг. Өөрөө өдөржин ажиллаж, орой ирээд намайг: – Ханиа дэлгүүр яв сэтгэлээ сэргээ би охидоо хараад байж байя гээд намайг хүүхдүүдээс чөлөөлж, надад өөртөө зарцуулах цаг гаргаж өгнө. Манай энэ дүүрэгт амьдардаг Ганаа гээд эгч анх лаа савангийн сургалт зохион байгуулж, би тэр сургалтад сууж чадаагүй. Гэвч төд удалгүй номоо гаргаж, яг сүүлчийн ганц үлдсэн номыг нь би арай гэж олж авсан. Тэр номоосоо ерөнхий суурь мэдлэгээ олж, өөрөө цааш нь гүнзгийрүүлэн судалж эхэлсэн. Нөхрөө, охидоо унтуулаад ажлын энэ жижигхэн өрөөндөө үүр цайтал элдэв туршилт хийж, бүтэлтэй бүтэлгүй олон лаа урсгаж, шатааж явсаар овоо туршлагажиж байна даа..

Лааны орц найрлага маш чухал, дотроо олон төрөл учраас сайн судлах хэрэгтэй. Анх мэдэхгүй янз бүрийн материал авч зөндөө мөнгө үрсэн.\инээв\ Лааны түүхий эд улирлаас  хамаарч өөр өөр байдаг.  Амралтын өдөр ханийгаа амрахаар гэрийнхнийхээ өглөөний цайг бэлдэж тавиад,  цүнхээ үүрээд лааны захаар явж материалаа цуглуулдаг.

Өөрийнхөө урласан лааг хараад кофе уугаад суух бас нэг төрлийн аз жаргал. Аз жаргал гэж нээх том зүйл хаалгаар орж ирэхийг хэлэхгүй ээ…

Би бүтээлийнхээ зургийг өөрөө авдаг. Хүн хөгжих тусам суралцах зүйл мундахгүй юм билээ. Лааныхаа үнэр, хэлбэр өнгө донжийг хараад сэтгэл сэргэж, хийморь бадрах шиг болдог. Эр хүнд зөвхөн хийморь байдаг юм биш шүү…\инээв\

Хийсэн лаагаа хүнд бэлэглэх бүр гоё. Хүмүүс лааны үндсэн зардлыг тооцож үзээд ямар ч ашиггүй гэдэг. Би үүнд санаа зовдоггүй. Яагаад гэвэл би хийж байгаа зүйлээрээ дамжуулан улам хөгжиж, туршлагаждаг. Сайхан ч бай, муухай ч бай өөрөө хийсэн зүйл гэж бодохоор үнэхээр үгээр хэлэхийн аргагүй байдаг. Судалгаа гэдэг хүнийг тасралгүй сургаж байдаг. Би үнэтэй материал авахаас гар татдаггүй. Чанартай бүтээгдэхүүнээс чансаатай бүтээл л төрнө. Олон хүн надаас, лаа хийх гэсэн юм хямд материал санал болгооч гэдэг.

Гэвч хямд материалаар хийсэн лаа яг үнэндээ таарсан хэврэг, хуурамч, гоё болдоггүй. Ганц нэг материал сонгох биш олон төрлийн материал цуглуулж уйгагүй туршиж, бүтэлгүйдэж байж яг хүссэн хэв загварынхаа гоё лааг гаргаж авах боломжтой. Одоо надад лааны хэв гэхэд өчнөөн хайрцаг,  гэр дүүрэн байна. Хүмүүс манайд ирэхээрээ ямар их новштой юм бэ гэдэг. Энэ бүхэн үнэндээ надад маш үнэ цэнтэй төдийгүй би Монголдоо очихоороо Лааны урлантай болно гээд түүндээ бэлдээд цуглуулдаг. Үндсэндээ миний ажлын багаж, миний үндсэн хөрөнгө гэх үү дээ.

Ахиад л би нөхрөө магтах хэрэг гарах нь \инээв\. Миний хань намайг 100 хувь өөрчилсөн хүн.  Миний бодол, хүсэл бүрийг дэмжиж өнөөдрийн намайг бий болгосон.

Миний ханийг Ж.Батсайхан гэдэг. Булган аймгийн харьяат. Манай хүн их бүрэг даруухан, дотогшоо хүн. Би илэн далангүй, ил цагаан болохоор бид хоёр их нийцтэй. Нэлээн удаан үерхэж байгаад нэг гэрт орсон. Одоо хоёр хөөрхөн охины аав ээж болоод жинхэнээсээ айл гэрдээд сайхан амьдарч байна…

Би лаандаа зориулж видео бичлэг хийдэг, гоё ая сонгож чимэглэнэ, гэрэл зураг дарна, солонгос хэлээ сайжруулахаас эхлээд үнэхээр завгүй байдаг.

Олон ч дэвтэр, үзэг хороолоо. Уйгагүй тэмдэглэнэ, бичнэ, оюутан шиг л… Дан ганц лаагаа гоё хийхээс гадна, түүний үнэр, яаж асаж байна, хэрхэн унтрах, зөв хэрэглээ, урлаглаг байдал, олон орны лааны үүх түүх судалгаа, хайрцаг сав баглаа боодол, шошго гээд бүгдийг нь бодож боловсруулж хийж гаргана гэдэг бас тийм энгийн, амар ажил биш. Хүмүүс намайг, лаа хийгээд маш үнэтэй борлуулаад баяжаад байна гэсэн хандлага мэр сэр ажиглагддаг. Мэдээж хийсэн бүтээл маань намайг хоосон байлгаагүй ч гэлээ, би өртөг зардлаа тэнцүүлээд урам авах төдийхнөөр одоохондоо сэтгэлээ дүүргээд дуртай ажлаа хийсээр байгаа. Хамгийн гол нь уйгагүй, бас тасралтгүй, чанартай бүтээл хэрэглэгчдэд хүргэх чин хүсэл минь намайг байнгын үйлчлүүлэгчидтэй болгожээ.

Би аль болох боломжийн үнээр лаагаа борлуулдаг.  Яг зах зээлийнхээ үнээр бол гар урлалын лаа Солонгос улсад маш өндөр үнэлгээтэй. Яагаад гэвэл тэр хүний бүтээл, оюун санаа, ур ухаан, цаг хугацаа, гар ажиллагаа, нарийн мэдрэмж шаардсан, цор ганц бүтээл гэдэг утгаараа хэрэглэгчид нь ч гэсэн бие биеэ дэмжих зорилгоор мөнгө хайрлахгүй авдаг нь үнэхээр урамтай.

Би овойж оцойтол баяжъя гэж гэж лаа хийдэггүй, бас бусдын адил хэсэг сонирхоод хаяагүй. Үр хүүхдүүдээ өсгөхийн сацуу дуртай сонирхолтой ажлаа хийгээд, завгүй байх нь л надад хамгийн том ашиг.

ААВЫН ТОД ОД

Аав ээжээсээ гурвуулаа. Манайх Монголын жирийн айлуудын л нэг. Миний хүүхэд нас бусдад гайхуулаад байхаар гүй жирийн л өнгөрсөн…  Ээж маань хотынх, аав Булган аймгаас гаралтай. Би Улаанбаатар хотын хүүхэд.

Багаасаа ер нь гарын дүйтэй, жижиг сажиг зүйлээр их оролдоно. Ганц чихрийн цаас олдсон ч цэвэрхэн нугалаад эвхээд суучихна. Дүүгийн хүүхэлдэйд хувцас оёно, аав ээжийн нүдний шилний боолтыг салгаад өөр юманд хийх зэргээр юм юм хольж сольчихдог, сахилгагүй талдаа, хичээлдээ муу, хүүхэд зоддог тийм охин байсан. Аав токарчин, ээж оёдолчин, олон жил үйлдвэрт ажилласан. 90 оны ороо бусгаа цагаар тэд маань ганзагын наймаа хийж, дараа нь Солонгос руу гарсан. Эгч дүү бид гурав багаасаа биеэ даасан хүүхдүүд байсан.

Аав маань 2018 онд бурхан болсон. Ээж маань одоо Монголд байдаг. Аавыгаа байхгүй гэдэгт  хааяа итгэдэггүй. Аавтайгаа уулзаагүй олон жил болсон, уулзаж чадалгүй тэнгэрт дэвшүүлсэндээ их харамсаж явдаг.\хоолой нь зангирав\ Одоо яаж ээжтэйгээ урт удаан амьдрах вэ л гэж боддог. Ээжийгээ бид өөрсөд дээрээ авъя гэхээр аавынх нь голомтыг эзгүйрүүлж болохгүй гээд, ээж гэрээ орхидоггүй.

Аав ээж хоёр биднийг сурагч байх үед Солонгост ирсэн.  Эгч бид хоёр араас нь ирж нөгөө хоёр маань нутаг буцсанаар өнөөдрийг хүртэл эгч бид хоёр энд амьдарч байна. Анх Илсан хотод ирж байлаа. Бусдын адил, цагийн болон байнгын ажил хийж юм юм л үзсэн. Янз бүрийн зан авир, ааш араншинтай Монгол, Солонгос хүмүүстэй нүүр тулж адлуулж, аргадуулж л явлаа.

Солонгост удсан Монголчууд, ер нь зарим Монголчууд бие биеэ хохироох, ашиглах, гомдоох зүйл мундахгүй. Янз бүрийн түүх сонсогддог. Энэ бүгдээс харахад бид эх орноосоо хол дэндүү давлиун, хэн ч намайг мэдэхгүй гэсэн шиг хөлөөрөө толгой хийж, толгойгоороо хөл хийж явна уу даа гэсэн харамсал, эмгэнэл, өрөвдөл, цөхрөл төрдөг.

Солонгост амьдардаг Монгол эмэгтэйчүүд ямар ажил хийдэг бараг бүгдийг нь л хийж үзсэн. Жоохон, жоохон дүү охидын санаа бодол дийлдэхгүй болсон байна лээ. Өөрийнхөө дүү нар шиг санан, тусалж дэмжиж, зааж чиглүүлэн ээжийн оронд ээж болсон сайхан эгч нар ч бишгүй байдаг.

Хүний нутагт ирээд ямар хүмүүсийг дагаж явна яг тэр хүрээлэлдээ уусдаг учраас хэнтэй нийлж найзлахаа сайн мэддэг, мэдэрдэг байгаасай гэж боддог. Солонгост ирээд арван гурван жил болж байна. Монголын амьдралыг 2000 оны эхэн үеэр төсөөлдөг. Хэдийгээр интернет хөгжиж, нийгэм өөрчлөгдсөн хэдий ч, цаанаа л тийм төсөөлөл буудаг.  Монголд байгаа хүмүүс Солонгост ажиллаж, амьдардаг Монголчуудыг, нэг товч дараад сууж байдаг юм шиг төсөөлдөг байх.  Гэтэл нөхцөл байдал эсрэгээрээ.

Энд хүмүүс үүр цүүрээр гараад бор хоногтоо л ирнэ. Монголд үлдсэн  амьдралдаа санаа зовж бүгдийг төлөвлөж ажилладаг болохоор энэ улсын хөгжил дэвшлийг ч харах сөхөөгүй өнгөрүүлсэн байдаг. Ар гэрийнхээ төлөө эрүүл мэнд, залуу нас, хүсэл мөрөөдлөө умартан, өдөр шөнөгүй зүтгэж яваа эдгээр хүмүүс амьдралын өмнө өөрсдийгөө зольсон байдаг.

Удахгүй Ковид намдаж дэлхийн улс орон хоорондоо чөлөөтэй орж гарах эрхтэй болохоор, эх орондоо очиж амар жимэр сайхан амьдарна аа…Би Солонгосын артистуудтай өрсөлдөж MONGOLIA гэж маш чангаар зарлуулна гэж мөрөөддөг. Мөрөөдөл биелдэг тэ?

\Шөнийн 02:35 минут\
Сөүл

Тэр заримдаа надад Оросын алдарт “Маша Миша” хүүхэлдэйн киноны Машаг санагдуулдаг. Маша том болоод Солонгост ирчихсэн юм биш биз гэмээр…  Яагаад гэвэл энэ бүхэнд түүний ер бусын дүрсгүй төрх л буруутай. Яг одоо тэр жижигхэн урландаа баахан лаануудын дунд, түмэн өнгө үнэр, оч гэрэл, гал дөлийн дунд үлгэр амилуулсан мэт ид шидийн орчиндоо уусан байгаа…

Тэрээр урсгасан лаа бүхнээ, асаасан дөл бүрийг тэнгэрт байгаа аавдаа зориулдаг. Аав нь түүний асаасан дөлийн илчинд дулаацан, анхилам үнэрт нь цадаж охиныхоо амьдралын зам мөрийг гэрэлтүүлж,  өргөс бүрийг түүж нэр шигээ тодоос тод гэрэлтэхийг ерөөн эцгийн хайраар ивээж яваа гэдэг бас итгэдэг.

Түүнийг Ж. Одгэрэл гэдэг. Тэр аавынхаа зүрхэнд үүрд гэрэлтсэн тодоос тод гялбаа…

Түгээх