-Бидний цөөхөн монголчууд-
2018.07.08 буюу 7-р сарын эхний энэ өдрүүдэд Сумогийн хүчтэнүүд нэг дор цугларсан юм. Тэр өглөөний үүр хаяарахыг би олон сар мөрөөдөж, Нагоя хотын Сумогийн ордны гадна жагсах олны дунд догдлол тээн зогссон…
Ертөнцийн бүх хүчтэнүүдүүдийн цугларалт мэт, Нагоя башё–г үзэхээр жуулчид, дотоодын сонирхогчид, шүтэн бишрэгчид хэдийнээ хэнд ч төвөггүйгээр байраа эзлэн урт жим үүсгэн жагссан харагдана.
Сумогийн ордон руу камер тоног төхөөрөмж авч орох зөвшөөрөл байхгүй тул багийн хөвгүүд дор бүрнээ самбаачлагатай байхыг эрмэлзэн битүүхэндээ түгшин өөр өөрийн ажлын “зэвсгийг” даруй зэхсэн харагдана. Сумогийн ордны хашаа ер бусын зүйлсээр дүүрэн. Тэнд жинхэнэ япон үндэсний хувцастай хэдэн зуун хүмүүсийг нэг дор харах боломжтой. Ойролцоогоор 8-10 метрийн өндөртэй өнгө өнгийн нарийхан туган дээр япон ханз үсэг бүхий эрээн мяраан туг, хүчгүй салхинд дуртай дургүй дэрвэнэ. Манайхнаар бол наадам болж буй мэт…
Наадмын өглөө бид шинэ дээлээ өмсөж, морио унан гангардаг бол энд сумочид үсээ “тугал долоосон” юм шиг “гөлийтөл” самнаж, тод өнгийн, зуны нимгэн кимоно өмсөн, хөлийн эрхий хурууны салаагаар орсон шүршүүрийн углааш шиг ижил хийц бүхий өөр материалтай сандаалаа чирэн, арьс үс нь гялтганан, урт замаар туслах нь болох, бага зиндааны залуухан хөөрхөн сумочид баадантай зүйл барин хөлсөө дуслуулан ар талд нь явах агаад, аваргууд шогшонгуй хирнээ нэгэн хэмээр хурдтай алхах нь сүрдмээр бас бахадмаар…
Одоо энэ замаар Монгол сумочид ирнэ… Дуран авайдаа тодоос тод авч үлдэх түүхэн ажилд хөлсөө дуслуулах хөвгүүд маань шаагилдсан олны дунд хаа нэгтээ уусан алга болжээ..
#СУМО БОЛ СПОРТ БИШ
Тэр бол зүгээр ч нэг “САЙХАН ЗАЛУУ” биш… Суваг солиход хааяахан таарах сумо бөхийн барилдааныг алгасдаг бол та энэ залууг, монгол сумочдыг, Япон орныг тэр дундаа “СУМО” гэх “НУУЦ ЕРТӨНЦ”-ийн талаар мэдэж авна гэдэг юу л бол… Тэднийг хананд наадаг зурагт хуудас, хуанли, банны алчуур, хөзөр, дэвтэр, богино цамцан дээрх зургаар нь төсөөлж байна уу?
\Хэрвээ цааш нь сонирхож байвал шүү дээ…\
“Надад эх орондоо хийж бүтээх олон зорилго, том мөрөөдлүүд бий…” гэж тэрбээр бүхэнд танил гурвалжин нүдээ гялалзуулан итгэлтэй хэлэв.
Одоогоор Какүрюү Ананд Япон улсад сумогийн аваргуудын тэргүүн эгнээнд жагсаж яваа “хөлөг баатар”-уудын нэг. Тэрээр аавынхаа мөрөөдөл, өөрийн хүсэл зоригийг даган СУМО хэмээх “Үл таних”, “Таашгүй” ертөнцөд Монголоо, нутгаа, нэрээ тамгалж чадсан “ХОНШООРТОЙ ЭР”…
Эрт үеийн Японы түүхэнд Сумог 2000-3000-н жилийн өмнө 2 бурхан хоорондоо хүчийг үзсэнээр үүссэн тухай өгүүлдэг. Өнө эртний энэ нүцгэн тулаан нь үндэсний спорт гэхээсээ илүүтэйгээр уламжлалт өв соёлын томоохон төлөөлөл болон эдүгээ ч домог амилуулан, их наран улсыг дэлхийд гайхуулж байна.
Хятадууд, Япончууд одоо хүртэл хэн нь сумог зохиосон вэ гэдэг дээр маргалдан “булаацалддаг” нь нууц биш… Японд МЭӨ 23 оны үед сумотой холбоотой эд өлгийн зүйлс олдсон гэж үздэг бол харин Хятадууд Хан гүрний үед үүссэн гэж “мэдэмхийрдэг”. Эртний Япончууд нүцгэн биеийг ариун гэж үздэг.
Сумогийн хуучин нэр томьёог “Сумир” гэдэг байсан бол энэ нь “нүцгэн” ба “баяр баясгалан” хэмээх 2 утгыг агуулдаг. Сумогийн дэвжээ ДОХЁО ойролцоогоор 16-р зуунд үүссэн бөгөөд анх дөрвөлжин байсан гэдэг. Энд бурхан бууж ирээд сумогийн барилдааныг үздэг, энэ газар бурхантай шууд холбогдсон учраас барилдаан шударга, зэвсэггүй явагддаг гэсэн домгийн улбаатай. Өнөө цагийн сумод хэрэглэгддэг 72 дүрмийг Якуза Иказучи Гондаю зохиожээ. Сумог нэг ёсны тулааны урлаг ч гэж тодорхойлдог байна.
Арлын энэ жижигхэн улсын уламжлалт “нүцгэн тулаан”-ны талбарт “хүчийг сорих” монгол бөхчүүдийн цуваа үл тасрахын шалтгаан юу вэ?
Буддаг нирваан дүр үзүүлсний дараа хамаг шавь нар нь цуглаж, түүний сургаалыг эмхэтгэн түмэн олны тусыг гүйцэлдүүлэх үйлст шамджээ. Түүнийг дөчин таван жилийн турш сүүдэр мэт дагаж явсан эрдэм ухаан төгөлдөр нэгэн шавийн алдар АНАНД болой…
Удам дамжсан бөхчүүд л амжилттай барилддаг гэх “бичигдээгүй хуулийг” сөрсөн даруухнаас даруухан АНАНД АВАРГЫН анхны зорилго одоо биеллээ олсон болов уу?
Сумод хүүхэд авах шалгаруулалтанд амжилт үзүүлээгүй түүнийг аав нь дэмжиж хөлөө хүрэх газраа хүртэл хөөцөлдөж хүүгийнхээ хүслийн их замыг дөтөлсөн гэдэг. Яавал хүүгээ сумоч болгох вэ? хэнтэй яаж холбогдох вэ? гээд бүх зүйл бүрхэг байсан хэдий ч хүүгийн зорилго тов тодорхой байлаа. Тэр үед аавынх нь шавь Осака хотод амьдардаг байсан бөгөөд багшдаа сар бүр гардаг сумогийн сэтгүүлээс явуулсанаар бүх зүйлийг учиг тайлагдсан. Аз эзээ үзье хэмээн аавынхаа санал болгосноор сэтгүүл дээрх 2 хаягруу захидал илгээж, түүний өөрийгөө танилцуулсан, хүсэл мөрөөдлөө бичсэн бяцхан захидлыг аавынх нь шавь орчуулж илгээхэд Ананд аварга 15 настай байлаа.
Захидалд – Хэрвээ намайг авбал итгэл найдварыг тань алдахгүй, сайн хичээнэ гэсэн утгатай зүйл бичиж цээж зургаа наагаад явуулсан. Төд удалгүй нэг хаягнаас хариу ирсэн нь тус сэтгүүлийг эрхлэн гаргадаг редакциас
- Бид сэтгүүл гаргадаг хүмүүс байна аа… Таныг сумод оруулж өгч чадахгүй нь ээ уучлаарай… гэсэн байв.
За яахав нэгэнт ийм хариу ирсэн хойно бараг л бүтэхгүйн байна гэсэн бодол төрж сэтгэлээр бага зэрэг унав. Нэг үдэш гэрийнх нь утас дуугарч- Аваад ярих гэтэл юу юугүй японоор ярьж тэднийхэн багагүй сандралдав. Интернетээр ахин захиа илгээж хэд хэдэн удаа харилцсаар шууд хүрээд ир гэсэн хариуг авлаа. Энэ бүх үйл явдал түүнийг 9-р ангид байхад болсон гэдэг. Ингээд тэр 2001 оны 9-р сард арлын японыг зорив.
Анх зурагтаар сумо үзсэн сэтгэгдэл, шалгаруулалтанд тэнцээгүй бүхэн Анандын сумод орох хүслийг улам бадрааж байв. Кабелийн телевиз цөөхөн, яг үд дунд 15 цагт гардаг Сумог үзээд харьцангуй жинтэй хүмүүс хоорондоо барилдаж, жижиг биетэй ч гэсэн том хүнийг хаяж болдгийг харах үедээ өөрийгөө ийм том биетэй болчихно гэж төсөөлж ч байгаагүй гэнэ лээ…
Би сумод ирээд хэзээ ч шантарч байгаагүй… Бүх зүйл тодорхой байсан. Намайг хэн ч албадаагүй, Би өөрөө хүсэж, зорьж ирсэн.
Анандын дэвжээний багш болон түүний эхнэр Кёкүшюзан Батбаяртай холбогдон түүнийг авч ирэхийг гуйсан байлаа.
Сумо гэдэг чинь маш хүнд хэцүү… Чи ийм жижигхэн биетэй туранхай хүүхэд байна… Чадах уу? гэж Кёкүшюзан асуув. Би өөрөө маш их сонирхолтой байгаа заавал чаднаа гэж хэлээд, хэд хоногийн дараа Кёкүшюзан Батбаярын найзууд түүнийг дагуулан Осакагийн шууд нислэгээр нисэв. Түүнийг багш нь хувцас хунар битгий авчраарай гэсэн учраас ойр зуурын ахуйн хэрэглээний зүйлсээ адидас гэсэн жижиг хар гар цүнхэнд чихээд, түүнээс өөр богцгүй японд буусан гэдэг. Хамаатан садан, найз нөхөддөө японд сургуульд суралцахаар явлаа гэж хэмээн, сумод ирж байгаа тухайгаа нууцалжээ. Яагаад гэвэл түүнийг шантраад чадахгүй буцвал яах билээ гэж тухайн үед аав ээж нь эмээсэн хэрэг… Гэвч Ананд өөртөө огтхон ч эргэлзээгүй… Аварга болно гэж зүүдлээгүй ч гэлээ ШАНТАРЧ буцна гэдэг бодол огт төрж байгаагүй…
- Би сумод ирээд хэзээ ч шантарч байгаагүй… Бүх зүйл тодорхой байсан. Намайг хэн ч албадаагүй, Би өөрөө хүсэж, зорьж ирсэн. Сумод байх чин хүсэл зорилго минь шантрал, бэрхшээлээс илүү өндөр. Би энд амжилт үзүүлэхгүй буцаад явбал аав ээжийгээ нүүр хийх газаргүй болгох байх гэж бодсон. Анхнаасаа л маш хүнд хэцүү байна гэдгийг мэдэж төсөөлж ирсэн болохоор ямар ч үед хэцүү гэж бодож байгаагүй шүү… гэж хэлэхдээ нүүр бардам хэлэв.
Сумог спорт гэж хэлэх учир дутагдалтай. Маш их тэсвэр тэвчээр шаарддаг, японоор МИЧИ буюу зам гэсэн утгийг агуулдаг. Өөрийгөө хөгжүүлэх, сумод орж нэг замаар явах гэсэн утгатай. Лам хуврагууд өөрсдийн дэг жаяг, дагадаг дүрэм журам, өөрсдийн гэсэн амьдарлын хэв маягтай байдагтай тун төстэй. Бусад спортын төрлүүдтэй харьцуулах боломжгүй зүйл гэдгийг аварга маань өөрийнхөөрөө ингэж тайлбарлаж байна.
Сумод ганцхан бэлтгэл хийгээд, зөвхөн өөрийгөө хариуцаад явах ямар ч боломжгүй. Ах бөхчүүддээ туслана, барилдахаас гадна хоол хийнэ, хувцсаа угаана, юм цэвэрлэж сурна, хүнтэй харьцах, олны дунд биеэ зөв авч явах, ахмад хүнтэй яаж харьцах уу? гээд мэт маш олон хүмүүжилд суралцдаг.
Эртний Японы зан үйл, уламжлал, соёл, дэг жаяг, үндэстний бүхий л нандин өв бүрэн утгаараа СУМОД шингэсэн байдаг. Энэ утгаараа СУМО бол СПОРТ биш… ТЭР бол энэ улсын ҮНДЭСТНИЙХ НЬ ДАРХЛАА юм.
#ТААГҮЙ ДУРСАМЖ
“БИДНИЙ ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД” төслийн баг Япон улсад ажиллах төлөвлөгөө батлагдан, нэвтрүүлгийн оролцогчдын судалгаа хийгдэн, U travel компани зохион байгуулалт, төлөвлөлт гардан ажиллаж, багийн залуус урдах ажлуудаа шахан хийж, нойргүй хоносон өдрүүд саяхан мэт санагдана…
Хөдөө хөхөрч, гадаа гандаж явдаг бидний хувьд анхны “гадаад томилолт” их хүлээлт, өндөр хариуцлагыг мэдрүүлж байлаа… Үндсэндээ төслийн баг сум орон нутагт ажилладаг хуваарийн дагуу бүх ажил төлөвлөгдөн, багууд Японд Монголынхоо нэрийг гаргаж яваа үлгэр жишээ, олны танил, алдартан, эгэл жирийн ажилчин, инженер техникч, дуучин бүжигчин, барилгачин, барималчин гээд хүний нутагт чадан ядан өөрийнхөөрөө ажиллаж, амьдарч яваа бүхэн бидний ОРОЛЦОГЧ байсан.
Тэдний нэг КАКҮРЮҮ АНАНД аварга манай багт хуваарилагдсан өдрөөс эхлэн би СУМО-гоор амьсгалсан, амьдарсан… Арваад жилийн өмнө сумын сургуулийн гал тогоонд ширээний теннис тоглож сурч, зүүн хотны айлын гаднах ганц гогцоонд шидэж үзсэн сагсны бөмбөг, сургуулийн гаднах өнчин ганц хөл бөмбөгийн хаалганд ангийнхантайгаа навсайтал өшиглөлцсөн бөмбөг, амралтын өдрөөр удирдлага булаацалдан байж нөхрийн үздэг үндэсний бөхөөс өөр спортын тухай ойлголт, дурсамж аль аль нь надад байсангүй… Спортын сэтгүүлч найзуудруугаа утас цохив. Хэнтэй уулзах вэ? Учраа хэлэв…
Сумо тайлбарлагч, япон судлаач Д. Төмөрбаатар гуайг урилаа, аваргатай хамт японд сумод байсан, UBS телевизийн сумо тайлбарлагч Наранбаатар гэж хүнтэй ярилцав, бас бус хүмүүстэй уулзав, Google-дэв… Улаанбаатарын хэдэн номын дэлгүүрүүдээр сумогийн тухай ном хайж тусыг эс олсон тул гандан буурахгүй хуучин номын худалдаагаар тэнүүчлэн мөн л гар мухардав. Утсаар минь дүүрэн сумочдийн зураг, дэвтэр дүүрэн тэмдэглэлүүд, баллаж сохолсон япон нэрс, яриа хураагч дүүрэн хүмүүсийн замбараагүй хэрнэ басамжилсан өнгө аястай зөвлөгөө ч гэхэд хэцүү, худал хөндий ярианууд… Одоо энэ бүхэн зөвхөн надад архивлагдан үнэт зүйлс болон үлджээ.
Ямартай ч Ананд аварга надад цоо шинэ ертөнцийг нээсэн юм. Хэзээнээсээ улс төр, спорт сонирхож үзээгүй надад мянган нээлтийн бүдэг жимийг гаргасан… 5 сараас эхлэн аваргатай ярилцана гэсэн бодол минь айдас дагуулан мэдсэн сонссон бүхэн чамлагдан, завсар зайгүй сураг ажиг хайн, өдөржин бодож, шөнө нь зүүдэлж байлаа…
Ананд аваргатай уулзаж ярилцах сэдвээ түүний менежер Л.Алтангэрэл ахтай ярилцан санал солилцох зуурт тэр надад маш их урам зориг төрүүлж байв. Санаа зоволтгүй, манай аварга их энгийн өөрийнхөөрөө, чи сумог мэдэх гэж сумочдийг таних гэж өөрийгөө битгий их шахаж зовоо… Хэн ч чамд үнэн юм хэлж өгөхгүй…Өөрөө ирж хараад бүгдийг ойлгоно… Чи чадна… Өөртөө итгэлтэй бай… гээд миний өдөр шөнөгүй асуусан, шалгаасан чатад минь хариу өгч тамирдсан сэтгэлд чац суулгав.
7 сарын 3 –ны өглөө Нагоя хотод аваргын байрласан Пинтхаус маягийн 5 давхар саарал байшингийн гадаа төслийн 2 машин түүний гарч ирэхийг хүлээн зогсоно. Алсын зайнаас харилцаж байсан Алтангэрэл ах биднийг угтан уулзаж аваргатай ажиллах өдрүүдийн хуваарь, хугацааг ахин нарийн төлөвлөв.
Төд удалгүй цэнхэр эрээн, нимгэн даавуун кимоно өмссөн аварга гарч ирэв. Манайхан ч тойрон бүчиж, тэр бүгдтэй нь гар барин аян замын мэнд эрэн, багийнхантай хамт зураг авахуулаад бэлтгэлрүү хамт явъя дагаад яваарай гээд, тас хар өнгийн Алпард маркийн машинд суув. Башё болох хотдоо сумочид сарын өмнө ирж бэлтгэлд гарна. Аваргууд дэвжээнүүдээр тойрч бэлтгэл хийх агаад тухайн бэлтгэл хийх явцыг сонирхож байгаа хүн бүхэнд нээлттэй ил тод явагдана. Зурагтаар л харж байсан мяраалаг эмэгтэйчүүдийг санагдуулам эдгээр “хөвсгөр” эрчүүдийг яг дэргэдээс нь харах шал өөр мэдрэмж…
Бид хоёр өдөр түүний бэлтгэл дээр очиж зураг авалт хийж, монгол сумочдыгоо харж огшиж, омогшиж чадсан азтай улс.
Тэдний иддэг хоол хүнс, үс самналт, бэлтгэл сургуулилт, биеэ авч яваа байдал, залуу сумочдийн уйлах, уухилах хосолсон сонин дуу авиа, жижиг шанагатай ус бариад ах сумогоо царайчлан дагах залуу сумочид, тэдний галбиргүй хэрнээ энэ тэндээ маажуулсан бие, зулгарсан суга, шулгарсан арьс, билүүжиж, чулуужсан хөлийн ул, өсгий, сэгсийсэн үс, улайсан царай, эгцэлж хардаггүй нүд, хөлс элсээр бүрхсэн нуруу, өвдөгний боолт, хөлсний алчуур… Ихэмсэг хэрнээ ойр ойрхон гишгэх, ИКС \Х\ хөл … Тэсвэр тэвчээр, айдсаа хүндлэлдээ нуусан ийм ер бусын харцыг би тэднээс олж харж чадсан юм…
Аваргатай ярилцлага хийхдээ өмсөнө гээд олон сарын өмнө захиалж хийлгэсэн дээлээ урд орой нь нямбайлан гаргаад маргаашдаа бэлдэн өлгөв. 2018.07.04-ний өглөө. Бусдаасаа 2 цагийн өмнө сэрж Тошияаки сангийн удам дамжсан хуучны жижигхэн япон байшингийн сүүдрэвчид сууж нүүрээ будаж, зураг авалтад бэлдэх энэ үед бороо нэлээн ширүүн шиврэх хэдий ч зүрхний минь цохилт түүнийг нам дарах мэт хүчтэй бас хурдан дэлсэж, сандрал, түгшүүр, тавгүйтэл эсвэл бүр зориг ч нэмэх шиг, юм юм холилдсон хачин чигтэй… \Ганц аяга хар кофе олж уух минь…\
Хөвгүүд гүйлдэн техникээ ачиж зураг авалтын талбай руу явахад бэлэн болжээ. Тусдаа төлөвлөгөөтэй, өөрийн гэсэн төрөл “жанр”-тай босс маань энэ удаа манай машины урд талд орж суув. Ананд аваргын нэвтрүүлэг учраас очиж зураг дарж, боломж олдвол шууд дамжуулалт хийж, багийнхаа ажлын суртачилгаанд яваа \тэр өдөр бүр өөр төлөвлөгөөтөй байдаг юм\ байх гэсэн шүү юм бодон суусан надад хандан:
- Ах нь өнөөдөр Ананд аваргатай ярилцана аа… Бөхчүүд ер нь эмэгтэйчүүдтэй ярилцах бас нээх дуртай биш… Чи харин надад бэлдсэн асуултуудаа өгөөд редакторынхаа ажлыг хийгээрэй… гэж хэлсэн гэнэтийн энэ шийдвэр “ажлаас халлаа” –гэдэг үгнээс илүү “хүнд” сонсогдож, чих дүнгэнэн, нүд бүрэлзээд шууд “ШОК”-нд орж, миний сүнс хэдхэн секунд биенээсээ гарчхаад ирсэн мэт бүх биеэр чийхран хөндүүрлэж, амьсгал давчдан, нулимсаа гадагшаа биш дотогшоо урсадгыг анх удаа мэдрэв… Хэчнээн хүссэн ч ийм үед, хүн бантаад уйлж чаддаггүй юм байна лээ…
Тэр үед манайхны хэн ч над руу харсангүй… Машинд байсан багийн маань хөвгүүдийн зүрхний хурдан хурдан цохилох нь надад мэдрэгдэж, тэд цонхруу харан дуугаа хураацгаан явав. “Ичсэн хүн хүн ална” гэгчээр би бантсандаа “БОСС”- доо ЗА гэдэг үгийг итгэлгүйхэн агаад амь тавьж буй мэт арчаагүй, сул доройгоор хэлсэн юм…
Би ямар их бэлдлээ… Ямар их хүлээлээ дээ энэ өдрийг… Яагаад санал үл нийлж байгаагаа, өөрийнхөө байр суурийг “эзэндээ” ойлгуулж чадаагүй юм вэ? Яагаад найруулагч маань миний өмнөөс эсэргүүцээгүй юм бэ? Яагаад? гээд маш олон олон асуулт, гомдлуудыг жагсаан бичиж чадах хэдий ч бүх зүйл одоо нэгэнт болоод өнгөрсөн.
“Хэн мөнгө төлсөн нь хөгжмөө сонсдог” гэдэг үгийг тээр тэнд сэтгэлийн мухраас хэн нэгэн нь доогтойхон агаад басамжлан шивнэх шиг…
Болзсон цагтаа товлосон газартаа ирэхэд аварга маань туслахынхаа хамт цаг баримталдаг япон зангаар минут ч хоцролгүй зургийн талбайд зэрэг шахуу ирлээ. Энэ эртний япон хоолны газарт аварга маань Нагояд ирэхдээ, зорин ирж гүнцэг барьдаг уламжлалтай. Энэ газар түүний өөрийнх нь санал болгосон, сонгосон газар. Тэр энэ удаад цав цагаан атлаа хормойдоо луун хээтэй кимоногоор гоёсон харагдана. Босс, Аварга хоёр зургийн талбайд суудлаа эзлэн, нөгөө миний хичнээн сар нойр хоолгүй, айж эмээж, бахдаж огшиж, уйлж, дуулж, огшиж, агшиж бэлдсэн бүх асуултын дагуу сайхан ярилцаад нэжгээд хугацааны дараа өндөрлөв.
Камерын ард, Та одоо ингэж асуугаарай… Одоо ийм юм яримаар байна аа… гээд өвдгөн дээрээ өндийн суусан намайг хулсан хулдаасан дээрх нимгэн бадуушиг холгож, тасалгааны хүйтэн кондэишн өвлийн шөнөөр нөмгөн мэт дааруулж билээ…
Ингэж би мөрөөдлөө “БОСС”-доо булаалгасан юм даа… Гэхдээ энэ “булаалт” хэдий хүнд, хэцүү байдалд намайг тухайн цагт оруулж, зугтмаар санагдсан үе байсан хэдий ч одоо надад ямар их боломж үлдээснийг би олж харж чадсан юм.
Үргэлжлэл бий…
\Уншигч та #Сумосутро нийтлэлийн дараагийн үргэлжлэлээс #МонголСумочид, #Нууц, #СумоСутро гэж юу вэ? гэсэн хэсгүүдийг унших боломжтой\
Сэтгүүлч А. Навчаа