Ганц дайчин ганцаардахгүй

Ганц дайчин ганцаардахгүй

Сэтгүүлч А.Навчаатай ярилцлаа. Тэрбээр БНСУ-д амьдарч буй бөгөөд тус улсад ажиллаж, амьдарч буй Монголчуудтай хийсэн ярилцлагаа манай сайтаар дамжуулан хүргэж байгаа юм.

-Та өөрийн эхлүүлсэн #Search төслийнхөө талаар танилцуулахгүй юу?
Намайг Арсланбаатрын Навчаа гэдэг. Сэтгүүлч мэргэжилтэй. Монголд байхдаа “Бидний цөөхөн Монголчууд” төслийн багт сэтгүүлчээр ажиллаж байсан. Солонгост ирээд жил гаран болж байна. Гадаадад амьдардаг Монголчуудын жишгээр эмэгтэй хүний хийдэг бүх л төрлийн ажлыг хийж үзсэн. Энэ хооронд олон ч Монголчуудтай танилцаж хамт ажиллаж, ярилцсаар л явна.

Хаана байна? Хайр энэрэл, халуун сэтгэл, худал үнэн, бат итгэл, баяр баясгалан…

Тэдэнд тохиолдсон явдлууд, Монголчуудтай холбоотой бахархам, эсрэгээ эмгэнэлтэй үйл явдлууд, хүн бүрийн түүхийг зүгээр сонсоод гайхаад өнгөрнө гэдэг хайран санагдаж мэргэжлийнхээ дагуу тэдний тухай бичиж тэмдэглэн, сэтгэлийн үгийг дамжуулан, асуудлыг нь нийгэмд таниулах юмсан гэсэн хүслээр энэ бяцхан төслийг санаачилсан. Төсөл гэж юун томоор нэрлэсэн юм бэ гэж үү? /инээв/

Нэгдүгээрт би одоогоор Солонгос улсад амьдарч байгаа болохоор мэргэжлийн ажлынхаа хувьд харьяалагдах албан статус алга, хоёрдугаарт  интернет орчинд өдөрт хэдэн мянган мэдээ мэдээллүүдийг дэлхийн аль ч өнцгөөс хэн ч оруулах боломжтой байдаг. Тийм учраас энэ эмх цэгцгүй олон мэдээллүүдээс ялган албан ёсны байлгах шаардлага үүссэн.

Гуравдугаарт зөвхөн Солонгост амьдардаг Монголчууд төдийгүй дэлхийгээр тархан суурьшсан Монголчуудын өнөөдрийн бодит дүр төрх, аж амьдралыг тусган харуулах, тэдний үзэл бодол, итгэл үнэмшил, зорилго, хүсэл тэмүүлэл, эх орон элгэн садан, хайртай бүхнээ санасан сэтгэлийг  бүтээлүүдээрээ дамжуулан илэрхийлэх зорилготой. Төслийн үндсэн бүтээлүүд нь хөрөг нийтлэл, ярилцлага, фото сурвалжлага хэлбэрээр GoGo.mn сайтаар дамжуулан уншигч танд хүрэх болсонд баяртай байна. Миний энэ санаачлагыг дэмжин хамтран ажиллах болсон GoGo.mn сайтын хамт олонд, цаашид надтай ярилцах олон Монголчуудынхаа өмнөөс талархаж байгаагаа дахин хэлмээр байна.

-Нэрний тухайд?
Алсыг зорьсон хэн бүхнийг сонин содон тохиолдол, амьдралын нууцлаг харгуй хүлээж байдаг. Хэдийгээр дэлхий өнөөдөр цар тахлын эсрэг бүх л  хүчээ шавхан тэмцэж, хүчирхийлэл, хүнд хэцүү амьдрал, хагацал зовлон, дүүрэн байгаа ч гэлээ, ганц ч болов сайхан сэтгэлтэй хүнтэй таарч, тэднээс урам зориг авч, итгэл найдвар, хайрын хүчээр амжилтанд, сайхан амьдралд хүрсэн олон түүхүүд нууц арал мэт чимээгүй үлдэж байна.  Тиймээс сэтгүүлчид бид  нийгэмдээ гэрэл асаан бусдыг аврахын тулд чадлынхаа хэрээр урам зориг, нөхөрлөл, сайхан сэтгэл, хайрын түүхийг түгээх ёстой юм болов уу?

Амьдралыг нэг төрлийн аялал гэвэл хаана амьдардаг, хэн байхаас үл хамааран бид бүгд төрөлхийн эрэлчин, хайгуулчид байдаг.

Хаана байна? Хайр энэрэл, халуун сэтгэл, худал үнэн, бат итгэл, баяр баясгалан… Жинхэнэ бас үнэн бүхэн. Алдар нэр, ашиг хонжоо, эд баялаг, эрх мэдэл, эрдэм боловсрол, эрх чөлөө… Эцэс төгсгөлгүй бид хайсаар явна. Хүмүүс яагаад эх орноосоо явдаг вэ? Тэд хайсан зүйлээ олж чаддаг болов уу? Та амьдралаас юу хайж яваа вэ? Өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Амьдрал бол хайлт юм. Амьдралыг нэг төрлийн аялал гэвэл хаана амьдардаг, хэн байхаас үл хамааран бид бүгд төрөлхийн эрэлчин, хайгуулчид байдаг.

-Цаашдаа төслийн хүрээнд юу хийхээр төлөвлөж байна вэ?
Хүн бүр орчноо мэдрэн чаддаг мэддэг ажлаа чин сэтгэлээсээ хийж алсаас ч болов эх орноо дэмжин, чадварлаг Монгол иргэнээр дамжуулан улсаа суртачлан таниулах нь иргэн хүний, сэтгүүлч хүний үүрэг гэж бодож байна. Сэтгүүлч болгон улс төр, нам засаг, аль нэг редакцын  харьяат байх албагүй. Заавал нийгэм, эдийн засаг, улс төрчийн тухай, захиалгат мэдээлэл бичиж, ярих шаардлагагүй. Амьдрал баян.

Ном гаргах, гэрэл зургийн үзэсгэлэн нээх, цуврал нэвтрүүлгүүд бэлтгэх, бусад оронд амьдарч байгаа Монголчуудтайгаа цахимаар холбогдон ярилцаж Ковидын дараах аяллын төлөвлөгөөг ярих гэх зэрэг олон төлөвлөсөн ажлууд хөвөрч байна.

Сэдэв уурхайн гүн дэх очир эрдэнэ мэт гялтганан хүлээж байна. Бид хамгийн чухал хүний тухай, амьдралын мөн чанар итгэл үнэмшлийн тухай, биднийг тэтгэж усалж байдаг соёл урлаг, утга уран зохиол, шашин шүтлэг, үүх түүх, спортын тухай мэдээллүүдийг орхигдуулж, үнэгүйдүүлж байна. Энэ тухай бичиж ярьж байгаа хүмүүсээ ч тоодоггүй. Гэхдээ одоо тоохын аргагүй болтол бичиж сурвалжилж хүргэх л сэтгүүлч бидний үүрэг болоод байна. Дэлхийн сэтгүүлчдийн чиг хандлага ч ингэж анзаарагдаж байна.

Тиймээс би ч ялгаагүй англи, Солонгос хэлээ сайн сурч, зургаа өөрөө авч, түүнийгээ янзлах, видео, эвлүүлгээ ч хийхэд суралцаж, үргэлж хөгжих завгүй цаг үе ирээд байна. Өдөр бүр цагийн ажлаа ч хийнэ, хажуугаар нь сурвалжлага, нийтлэлээ ч бичнэ. Төслөө тордож, цэцэглүүлэх ёстой. Төлөвлөгөөний дагуу Солонгос улсын бүх хот тосгонуудаар аялж тэнд амьдарч байгаа Монголчуудтайгаа уулзана, сурвалжлага нийтлэлээ бичнэ, фото зургаа авна. Цаашлаад ном гаргах, гэрэл зургийн үзэсгэлэн нээх, цуврал нэвтрүүлгүүд бэлтгэх, бусад оронд амьдарч байгаа Монголчуудтайгаа цахимаар холбогдон ярилцаж Ковидын дараах аяллын төлөвлөгөөг ярих гэх зэрэг олон төлөвлөсөн ажлууд хөвөрч байна.

-Багийн бүрэлдэхүүнээ танилцуулбал?
Одоохондоо ганцаараа л байна. Миний энэ ажлыг дэмжээд хамтран ажиллах хүмүүст үргэлж нээлттэй шүү. Ялангуяа Солонгос улсад амьдарч байгаа уран бүтээлч сэтгэлгээтэй, адал явдал, аялалд дуртай хариуцлагатай залуусыгаа #SEARCH-тэй нэгдээсэй гэж уримаар байна. Удаан ч хамаагүй тасралтгүй л үргэлжлүүлэх нь одоо надад чухал байна. “Бидний цөөхөн Монголчууд” төслийн багийн залуус маань үргэлж дэмжиж онлайнаар зөвлөгөө өгч бага сагаар надад түлхэлт өгч байгаа. Олон мундаг гэрэл зурагчин ах нар, үе тэнгийн найзууд, сэтгүүлч найзууд маань маш сайн дэмжиж байгаа. Одоохондоо тэр урмаар нь жижүүр хийн зүтгэж л явна. Ганц дайчин ганцаардахгүй гэдэг байх аа…

-Баярлалаа. Амжилт хүсье!

Түгээх