– Бидний цөөхөн Монголчууд –
Хэн нэгний сайхан зан чанарын тухай ярина, бичнэ гэдэг хэцүү болж ээ… Пялдагадсан, долигоносон болчих гээд зовлонтой юм. Гэхдээ надад хулчийх хүсэл алга. Яагаад гэвэл энэ миний л бодол. Таалах эсэх нь таны хүсэл…
Хээрийн галуу яруу найраг шивнэн алсад зэллэхүй харц дагуулан, догдлол ургуулсаар нисч одно… Түмэн бээрийн аялалд хөтлөх зам харгуй биднийг алсаас даллана…
Машины гэрэлд сандчин яг өмнө давхих цагаан зээр, талаа чимсэн ихэмсэг агаад сүрлэг тэмээд, 10 настай хүүтэй гэхэд чи залуухан харагдах юм аа гэх хөгшдийн үг, нүүр нүдгүй шуурч аманд хүртэл амтаа мэдрүүлсэн алтан элс, ингэний хоормог, борц хөмүүлтэй гурилтай шөл, унд хэмээх цай ч юм шиг хоол, хоол ч юм шиг цайны содон үнэр сэлт тэр чигээрээ сэтгэлд “ханхийнэ” … Бөгчим хэрнээ жихүүн салхитай Даланзадгадын үдэш удирдлагын ордны урд талын гэрэлт гудамжнаа тэнгэр өөд удтал ширтэн сууна…
Төслийн багийнхантайгаа танилцаад даруй хоёр сар нисэн одож. Анх тэдэнтэй танилцсан түүх Өмнөговь аймгийн Сэврэй сумаас эхтэй. Шөнийн 23 цагт оччихоод хэнхэг царайлаад яриа авнаа гэхэд минь цааргалж ч мэдэхгүй инээсээр угтсан хүмүүсийн нэг бол Нямка ах маань… Аяархан, их болгоомжтой ярих түүнтэй сарын дараа нэг баг болж ажиллах тухай төсөөлөх нь битгий хэл зүүдлээ ч үгүй явсансан. Тэр 60-аад оны төлөөлөл, ид насан дээрээ яваа 50- тай аав. Галын бурханы нь оруулаад 4 сайхан лусын дагинастай, хариуцлагатай аав, халамжтай хань… Хамт нэг сар, 744 цаг ажиллахдаа анзаарч харснаараа энд дүгнэв. Төв аймгийн холбооны салбарт 7 жил дарга хийж, сонгуулийн дараах хуй салхи хайр гамгүй шуурахаас өмнө Төв аймгийн Тамгын Газрын Даргын албыг 4 жил хашиж явсан “хашир анжгай”. Харин одоо “Бидний цөөхөн Монголчууд”Төслийн багийн ахлагч, уран бүтээлчдийнхээ “луужин” нь…
Багийн 10 гишүүн, хотод байгаа гэр бүлийнхэн нь, гурван хар машинаас өгсүүлээд түүний санаа тавих, сэтгэл зовних асуудал мундахгүй. Том хар машин дотор төслийн ажлыг төлөвлөж, залуусаа чиглүүлж, ар гэрлүүгээ санаа тавих гээд их ажлын хажуугаар аавын үүргээ алсаас гүйцэтгээстэй. Магадгүй энэ бүхий л аав нарын, нөхрүүдийн туулж яваа зам байх. Гэхдээ тэр их “Амьд” ахлагч. “Амьд” гэхийн учир гэвэл тэр бидний дунд “БАЯРЛАЖ”, “ГУНИЖ” чаддаг ЭР ХҮН. Нэг тийм “жудагтай”, юм үзэж нүд тайлсан шинж чанартай. “Төслийн багийн ахлагч” хэмээх гуншин дор их ачаа үүрэх даалгаварыг Нямка ах үүрчээ. “Намайг дагаад” хий гэх уриа яс маханд нь шингэж орхисон юм уу гэлтэй, угаас ярих, илтгэх хооббигүй болохоор өөрөөрөө үлгэрлэн үзүүлэхийг хичээдэг “айхтар” зантай. Түүнээс нь би үргэлж шинэ санаа олж харж, суралцсаар байхыг хичээж байна…
Хэт энгийн, хэвийн, сонирхогчдын эсвэл дүр эсгэгчдийн өгүүлэмжгүй, хэлбэрт дарлуулсан, саарал зураг бичлэг, нийтлэл сурвалжлага, ярилцлага, нэвтрүүлэг биднийх биш гэдгийг манай залуус хэт мэдэрсэн нь Нямка ах үүргээ сайн гүйцэтгэж яваа гэж ойлгож болно. Яаран тэмүүлэх бидний ажил, ажлын 8 цаг хоногийн 24 цагаар үл хэмжигдэнэ. Өдөржин машинд “сэгсчүүлэх” биднийг урмын үгс л ус агаар мэт “тэжээж” байна.
Хангай… Гоё зураг байна… – Анхаа… сайхан бичлэг болжээ… ердөө энэ л үгэнд бидний нүд сэргэж, замын алжаалаа сэгсрээд, инээд алдацгаана…
Авсан дүрс бичлэг, зураг, бичвэр, яриа ярилцлага, нэвтрүүлэг, сурвалжлага сайн болно гэдэг бидний хувьд өдөр тутмын “алтан гадас” шиг үнэлгээ юм даа. Тэр биднийг сайхан зан чанараараа, урмын үгсээрээ цэцэг шиг “услаж”, “адуу шиг орой унтаж, шувуу шиг эрт сэрж” урт холын замд дүү нараа нөмөрлөсөн “УУЛ АХ” юм.
Нэг л мэдэхэд үдшийн бүрий нөмөрлөөд, хаа нэгтээ нохой хуцах нь бүдэгхэн дуулдаж, буйд газрын хэмнэл татарчээ. Айлуудын гэрэл нэг нэгээрээ асч, үдшийн амгалан энд ноёлно. Богинохон даашинз, өндөр өсгийтөө тайлаад, намхан ултай шаахай углаж, том цүнхээ үүрээд уншигч, үзэгчдээсээ хоцрохгүйн тулд мэдэхгүй, чадахгүйн хүлээсийг тас татан БИ ЮУНД Ч ЮМ ЯАРНА… ХЭЦҮҮ БОЛОВЧ ХАЙРТАЙ АЖИЛ МИНЬ…
Өмнөговь Даланзадгад